Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Хамгийн түрүүнд агаар, хөрсний бохирдол, замын бөглөрлийг багасгах ажлыг хийнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох тухай батламжийг дөнгөж сая Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон хотын дарга С.Амарсайханд гардууллаа.

“Нийслэлд шийдэх олон асуудал байгаа ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл 5, 10, 20 жилийн төлөвлөгөө гэж гараагүй байна. Утаагаа шийдэх төлөвлөгөө байгаа ч ТЭЗҮ биш, төслийн танилцуулгын хэмжээнд байна. Тиймээс хотын хөгжлийг 20-25 жилээр харах хэрэгтэй. Төлөвлөлтгүй газар олголтоос болж төв талбайнхаа хэсгийг хүртэл алдчихсан байна. Тиймээс Та Үндэсний хөгжлийн газар, Засгийн газар, УИХ-тайгаа ойр ажиллаж, төлөвлөлттэй, цэгцтэй, шинэ үеийн Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө мэргэжлийн багтай хамтран ажиллаарай” хэмээн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нэрийн өмнөөс захиж, амжилт хүсэв.

Хотын шинэ дарга С.Амарсайхан тамга тэмдгээ хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд агаар, хөрсний бохирдол, замын бөглөрлийг багасгах, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг цэгцлэх зэрэг ажлуудыг хийхээ мэдэгдлээ.

Үүний тулд төрийн албан хаагчид хариуцлагатай, үр бүтээдлтэй, гүйцэтгэлтэй сайтай ажиллах, шийдвэр тушаал хурдан биелж, үр дүнгээ богино хугацаанд өгөх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаа хэлсэн юм. Ингэхдээ зарим бүтцэд өөрчлөлт хийх бөгөөд хуулийн хүрээнд шинэ жишиг тогтоох, шинэлэг өөрчлөлт хийхийн тулд шийдэмгий алхмуудыг хийнэ гэдгээ хэлээд “Хот төлөвлөлтийг шинжлэх ухаанч, сүүлийн үеийн технологид суурилсан, ухаалаг шийдэлтэй байхаар ажлуудаа үргэлжлүүлнэ. Хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн суурь тавигдана гэж бодож байгаа. Үүний тулд иргэн бүр хариуцлагатай байж, бүх зүйлийг төр хангах ёстой гэдэг хандлагыг өөрчилж, дор бүрнээ нийслэлийнхээ хөгжлийн төлөө зүтшгэх ёстой” гэлээ.