Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа хоёр Монгол хүний нэг нь дипломат ажилтан, нөгөө нь жолооч. Истанбулын Консулд ажилладаг"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлснээ Дрезден хотын Гаалийн Төв Газраас мэдээлээд байгаа.

Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/324263241825065/

"Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь илэрсэн

Энэ хэрэгтэй холбогдуулаад Германы тал тухайн автомашинд зорчиж явсан Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, нэг жолоочийн хамт явж байсныг саатуулсан. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа Консулын чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа" гэв.

Түүнээс сэтгүүлчид асууж, хариулт авсан юм. 

-Тавдугаар сарын 3-нд гарсан хэргийг яагаад одоо мэдээлж байгаа юм бэ. Яагаад ГХЯ энэ хэргийг нуусан юм бэ?

-ГХЯ нуусан зүйл огт байхгүй. Ерөөсөө хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож байгаа монгол иргэдийнхээ талаарх мэдээллийг бид гадаадад байгаа 43 ЭСЯ болон Консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгдэх гэх мэт бүхий л арга хэмжээг авч ирсэн. 

Консулын харилцааны конвенцын дагуу угаасаа суугаа улсын хууль цагдаагийн байгууллага манай улсын иргэнийг саатуулсан тохиолдолд ЭСЯ-нд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу бид Берлин дэх ЭСЯ-наас мэдээллийг авсан. Ар гэртэй нь холбоотой байгаа. 

Зөвхөн энэ хэрэг биш, гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн мэдээллийг ГХЯ авсныхаа дараа мэдээлдэггүй. Шалтгаан нь ар гэрийнхний хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах асуудал байдаг. Хоёрдугаарт, хэрэг нь хянан шалгагдаад явж байгаа. 

-Энэ хүмүүс иргэд биш, дипломат ажилчид. Монгол Улсын нэр төрийг хамгаалах үүрэгтэй хүмүүс. ГХЯ энэ дээр ямар хариуцлага тооцох вэ?

-Тухайн хоёр хүн Истанбул дахь Консулын газар ажиллаж байгаа чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ суугаа улсынхаа хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд энэ нь иргэний буюу консулын асуудал болдог. Консулын чиглэлээр бид ажилаа хийж байгаа. 

-Туркээс Германд ямар ажлаар явж байсан юм бол?

-Энэ асуудлаар шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Зөвхөн энэ хэрэгт холбогдсон хоёр хүнээс гадна бусад монгол иргэн холбоотой эсэх талаар манай Тагнуулын байгууллага шалгаж байна. Тэгэхээр энэ талаар яг шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-Истанбулд сууж байсан Э.Мөнх-Очир консулыг татаад орных нь хүний томилохгүй удсанаас хяналтгүй болж, ажилчид нь ийм байдал үүсгэсэн гэсэн мэдэлээл байна. 

-Дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газар  шийдвэр гаргаад эгүүлэн татсан байгаа. Дараагийн хүнийг томилох асуудлыг Засгийн газар хуралдаанаар хэлэлцээд, тухайн улсаас зөвшөөрлийг нь аваад томилдог. 

-Энэ хүмүүсийн нэрийг нууцалж байгаа нь тэд Монгол Улсын том албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Билэгтийн хүүхэд, ГИХ-ын газрын дарга Мөрөнгийн хүүхэд байгаа гэсэн мэдээлэл байна, тийм үү? 

-Хэрэг шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Түүнээс биш даргын, хэн нэгний хүүхэд гэдэг утгаар биш, Кнвенцынхоо дагуу л явж байгаа. 

-Өмнө нь ийм хэрэг гарч байсан уу. Консулуудыг ямар шалгуураар явуулж байна вэ. Албан тушаалыг шагнал хэлбэрээр өгснөөс ийм зүйл гарч байгаа юм биш үү?

-Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газар ажиллах дипломат ажилтныг Дипломат албаны тухай хуулиар, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилдог. Яг л энэ хууль тогтоомж, шалгуурын дагуу томилогдсон хүмүүс байгаа.  

Ийм ноцтой хэрэгт холбогдсон эдгээр хүмүүсийн цаана өөр хүмүүс байна уу гэдгийг Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Тэгэхээр дэлэгэрнгүй мэдээллийг Тагнуулын байгууллагаас тодруулах боломжтой. 

-Өмнө нь хар тамхитай холбоотой ийм ямар хэргүүд гарч байсан бэ?

-Өмнө нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой ийм ноцтой хэрэг гарч байгаагүй. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байгаа гэх мэдээллийн дагуу ГХЯ Тагнуулын байгууллагад нэгдүгээр сард хандаж, хар тамхи зөөвөрлөх, тээвэрлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж хамтран ажиллаж байгаа. Үүний дагуу манай Тагнуулын байгууллага Европын хууль хүчний холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж ойлгож болно. 

-Энэ хүмүүс хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдаад хоригдож байгаа. Тухай улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгээрээ тухайн улсын хуулийн дагуу шийтгэл хүлээнэ. Өмгөөлөл, консулын хамгааллын асуудал ЭСЯ-аар дамжаад явж байгаа. 

-Монгол Улсын нэр хүндэд хортой энэ үйл явдлын талаар манайхаас албан ёсоор мэдэгдэл гаргасан уу?

-Энэ бол Монгол Улсын нэр хүндийг сэвтээх маш ноцтой хэрэг. Бүрэн санал нийлж байна. цаашид ийм төрлийн гэмт хэрэг дахин гаргахгүй байх үүднээс ГХЯ ажиллаж байна. 

Герман улсын хувьд бид дипломат шугамаараа мэдээллээ солилцоод ажиллаж байгаа. 

-Консулаар хэр удаан ажилласан бэ? Өмнө нь өөр газарт консулаар ажиллаж байсан уу?

-Нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Өмнө нь ОХУ дахь Консулын газарт ажиллаж байсан. 

-Тэндхийн хуулиар хэрэг нь шийдэгдвэл нааш нь шилжүүлэх үү?

-Хэрэг шалгах ажиллагаа дуусаагүй байна. ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог

-Хэчнээн монгол хүн гэмт хэрэгт холбогдоод байна вэ?

-Хилийн чанадад өнөөдрийн байдлаар 176 монгол иргэн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхитай холбоотой хэргээр 53 монгол иргэн саатуулагдсан

Гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн хэрэг эзэлж байгаа. Гадаадад зорчиж байгаа иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд давхардсан тоогоор 2.5 сая иргэн бүртгэгдсэн.