Домогт Стив Жобс агсны үед Apple компанийн бүх бүтээгдэхүүнүүдийн загварыг гаргаж байсан нэрт дизайнер Сэр Жони Айв хиймэл оюуны технологийн тэргүүлэгчдийн нэг OpenAI компанитай нэгджээ.
OpenAI энэ долоо хоногт Айвын үүсгэн байгуулсан “io” нэртэй стартaп компанийг $6.5 тэрбумаар худалдаж авсан юм. Энэ нь тус компанийн хувьд хамгийн том худалдан авалт болж байгаа.
Жони Айвыг “дэлхийн хамгийн аугаа дизайнер” гэж өргөмжилсөн OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн “хиймэл оюунаар хүчирхэгжсэн шинэ үеийн компьютер бүтээх” үйлсэд хамтрах болсондоо баяртай байгааг мэдэгджээ.
Цаашдаа Айв тус компанийн “дизайн болон уран бүтээлийн бүх ажлыг хариуцах” болсныг тэр зарласан байна.
Сүүлийн жилүүдэд ChatGPT тэргүүтэй хиймэл оюуны программын платформууд амжилттай хөгжиж байгаа. Харин энэ чиглэлийн “хардвэйр” буюу тоног төхөөрөмжийн хөгжил ахиц дэвшил муутай байна.
Ийм шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах хэд хэдэн оролдлого амжилтгүй болсон юм.
Айв болон түүний багийн бүтээгдэхүүний туршилтын загварыг хэрэглэж үзсэнээ Олтмэн батлаад түүнийг “урьд өмнө хэн ч харж байгаагүй гайхалтай технологийн бүтээл” гэж тодорхойлжээ.
27 жил ажилласныхаа дараа Жони Айв 2019 онд Apple компанийг орхисон юм. Тухайн үед Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк түүнийг “дизайны ертөнцийн онцгой нэгэн бөгөөд Apple-ийн сэргэн мандалд гүйцэтгэсэн үүргийг нь үнэлж баршгүй” гэж магтаж байжээ.
Apple-аас явсныхаа дараа Айв өөрийн LoveFrom нэртэй компанийг үүсгэн байгуулж, Airbnb, Moncler зэрэг компаниудтай хамтран ажиллаж байв.
Тус компани сүүлийн хоёр жилийн турш OpenAI-тай олон нийтэд мэдэгдэлгүй хамтран ажиллаж байсныг Айв баталжээ.
Энэ хамтын ажиллагаан дээрээ үндэслэн өнгөрсөн онд тэр бусадтай хамтран io компанийг үүсгэн байгуулсан гэнэ.
2012 онд Их Британийн хаант улсын өмнө байгуулсан гавьяаныхаа төлөө Жони Айв хүлэг баатрын хэргэм хүртэж, “сэр” хэмээн өргөмжлөгдөх болсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|