Катарын язгууртнууд саяхан тус улсад айлчилсан АНУ-ын ерөнхийлөгчид тусгай тоноглолоор тохижуулсан Boeing 747-8 загварын нисэх онгоц бэлэглэсэн.
Нэлээд маргаан дагуулсан энэ бэлгийг албан ёсоор хүлээж авснаа Трампын засаг захиргаа өчигдөр мэдээлсэн юм.
2012 онд үйлдвэрээсээ гарсан энэхүү онгоц өмнө нь хувийн бизнесийн зориулалтаар ашиглагдаж байжээ.
Одоо АНУ-ын ерөнхийлөгчийн агаарын флотод 1990 оны хоёр Boeing нисэх онгоц байдаг. Ерөнхийлөгч Трамп тэдгээрийг голж, өмнөх бүрэн эрхийнхээ хугацааны үеэр Boeing компанид шинэ онгоц захиалсан ч хойшлогдсоор 2028 оноос өмнө ашиглалтад орох төлөвгүй байгаа.
$400 саяын үнэтэй бэлэг Катарын эрх баригчдаас авах нь хууль эрх зүй болон ёс зүйн хувьд зөв эсэх талаар маргаан гарч байв. Харин Трамп ийм бэлгээс татгалзах нь “тэнэг хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Шүүмжлэгчид аюулгүй байдлын үүднээс бэлгийн онгоцыг нягтлан шалгах, тусгай нэмэлт хэрэгслээр тоноглоход дахиад олон сая долларын зардал гарч, цаг хугацаа шаардагдахыг анхааруулж байв.
Магадгүй Трамп энэ бүрэн эрхийнхээ хугацаанд шинэ онгоцоо хөлөглөж амжихгүй ч байж магадгүй юм.
Онгоцны дотоод тохижилтыг гүйцэтгэсэн дизайнер Ив Пикард зураг төсөл гаргахаас эхлээд гүйцэтгэж дуусах хүртэл нийтдээ дөрвөн жил зарцуулсныг өмнө нь хэвлэлд ярьж байжээ.
Хүний бүх хэрэгцээг бүрдүүлсэн “нисдэг ордон”-ы дотор тохижилтыг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!