Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад иргэдийн ашиглаж байсан 1,000 компьютер, 10,000 гар утсыг хэрхэх вэ?

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлсэн.

Тэдгээр иргэний 759-ийг нь Монгол Улсаас албадан гаргасан бол уг хэрэгтэй холбогдуулан Хятадын 14, Монголын 3 иргэнийг шалгаж, хэрэг нээснийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Энэ хэргийг шалгах явцаас илүүтэй цахим луйварт ашиглаж байсан гэх 1,000 компьютер, 10,000 гар утсыг яах вэ гэдэг нь олны анхаарлын төвд байгаа.

Хэрэг шүүхэд шилжээгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тэдгээр компьютер, гар утсыг хэрхэх нь хараахан тодорхой болоогүй.

Тиймээс ийм төрлийн, ижил төстэй тохиолдлууд дээр ямар шийдвэр гаргаж, хэрхэн ажилладгийг хуульчаас тодруулахад "Эд мөрийн баримтаар хураагдаад буй тоног төхөөрөмжийг гэмт хэрэгт ашигласан нь тогтоогдвол улсын орлого болгож, мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлдэг. Мэргэжлийн хүмүүс тухайн тоног төхөөрөмжид шинжилгээ хийгээд боломжтой бол ашиглах, үгүй бол худалдан борлуулах шийдвэр гаргана. Энэ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж, худалдан борлуулах болсон тохиолдолд үнэлгээ хийгээд дуудлага худалдаагаар зарж, мөнгийг улсын төсөвт оруулдаг.

Харин тухайн тоног төхөөрөмжийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй нь тогтоогдвол хариуцагч болон өмгөөлөгчид буцаан өгөх нөхцөл бүрдэнэ" хэмээн тайлбарласан юм.

Тэдгээр компьютер, гар утсыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс ямар шийдвэр гарч болох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрийг хэрхэн биелүүлэхийг холбогдол хуулиудаас харвал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд:

  • Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.
  • Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгадаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд:

  • Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.
  • Хөрөнгө, орлогыг хураах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэрт заасан эд зүйл, хөрөнгийг хариу төлбөргүйгээр албадан хураан авах, улсын орлого болгох зорилгоор төрийн холбогдох байгууллагад шилжүүлэх, худалдан борлуулж олсон орлогыг улсын төсөвт оруулах арга хэмжээнээс бүрдэнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн чиг үүргийнхээ хүрээнд дуудлага худалдааг зохион байгуулдаг юм байна.


Уг хэрэг шүүхэд шилжээгүй, ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ асуудлаар тодруулга өгөхөөс татгалзсан юм.