Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэн Б.Болороогийн мэдээллээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулаагүй нь тогтоогдвол алба хаагчид хариуцлага тооцно"

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн "А" лифтний хонгилд унаж амиа алдсан хэргийн талаар түүний эхнэр Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн нь олон хүний анхаарлыг татаад байна. 

Б.Болороо фэйсбүүк дэх хуудастаа "Нөхрөө сураггүй алга болсноос хойш хоёр хоногийн дараа буюу зургаадугаар сарын 22-ны өдөр оршин суугаа харьяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Ингээд миний хувьд цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон.

Долоодугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, "Эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна" гэсэн. Тэгээд "126" руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан" хэмээн бичсэн байв.

Иргэний уг гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өгөөд байна.

Тодруулбал,

  • Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нарт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж багаа хэрэгт биечлэн хяналт тавьж, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулсан эсэхэд албаны шалгалт явуулж дүнг танилцуулахыг тус тус үүрэг болгожээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

- Хохирогчийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Алга болсон иргэнийг эрэн сурвалжлах ажиллагааг ямар тохиолдолд, хэрхэн зохион байгуулдаг юм бэ?

- Иргэн цагдаагийн байгууллагад мэдээлэл, гомдол гаргасан даруйд улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг.

Иргэн Б.Болороогийн мэдээллийг хүлээн авсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагааг хуулийн хугацаанд явуулсан уу, хохирогчтой зүй бус харьцсан эсэхэд албаны шалгалт явуулж байна. Шалгалтаар цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол хатуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-ын дарга өнөөдөр мэдэгдсэн.

Мөн албаны шалгалтын дүнг иргэд олон нийтэд мэдээлэх үүргийг надад өглөө.

- Талийгаачийн цогцсыг долоодугаар сарын 8-нд олсон талаараа иргэн Б.Болороод мэдэгдсэн гэж байсан. Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгсөн.

Иргэн "А" зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө алга болсон. Цогцост хийсэн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Хэрэг шалгагдаж байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.



Төрөхийн хүндрэлээс болж тархины саажилт өвчтэй болсон иргэн Б.Болороо нь 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудаа нийгэмд танин мэдүүлэхийн тулд гурван цуврал бичлэг хийж, өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд танигдсан юм.

Түүний Фэйсбүүк дэх нийтлэлийг хавсаргав: