Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Маршалл Билингсли: Саарал жагсаалт бол хямрал биш, харин үүнийг боломж гэж харах хэрэгтэй

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Манай улсад ийнхүү анх удаа хөл тавих болсон гол шалтгаан нь Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарахад зөвлөж, хамтран ажиллах бөгөөд энэ хүрээнд тэрбээр хамгийн эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзсан юм. 

Маршалл Билингсли нь АНУ-ын Засгийн газар болон гадаад улс орнуудын Засгийн газар төдийгүй хувийн хэвшил дэх үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцдаг нэгжүүдтэй хамтран хууль бус санхүүжилтээс үүдэлтэй аюулыг илрүүлэх, шийдвэрлэхэд хамтран ажилладаг байна. Тиймээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, дотоодод болон хил дагуу гардаг бусад төрлийн гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааг анхаарч ажилладаг нэгэн ажээ. 

Арванхоёрдугаар сарын 13-ны Баасан гарагт тэрбээр iKon.mn, news.mn, UB Post гэсэн гурван хэвлэлд ярилцлага өгсөн юм. Маршалл Билингслигийн ярилцлагыг хүргэж байна. 

Тэрбээр ярианыхаа эхэнд “Юуны өмнө АНУ Монгол Улс болон Монгол Улсын ардчилал, бие даасан хараат бус байдлыг тууштай дэмждэг гэдгийг хэлмээр байна. Тийм ч учраас сүүлийн найман сарын хугацаанд өмнөх найман жилд ч байгаагүй, Засгийн газрын хамгийн олон төлөөлөгч АНУ-аас ирж байгаа жил болж буйг та бүхэн анзаарсан байх” гээд Монголын банкны системд олон чухал шинэчлэлийг хийх замаар мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг санхүүгийн бусад гэмт хэрэг, авлигаас сэргийлэхэд туслах зорилгоор ирснээ хэлсэн юм. 

“Монгол Улс аль болох богино хугацаанд Саарал жагсаалтаас гарахыг АНУ хүсэж байгаа тул хамтран ажиллах хүсэлтэй байна. Гэхдээ зөвхөн ахиц авчрах төдий биш, Монголын ард түмний санхүүг хамгаалсан, үнэхээр үр ашигтай тогтолцоог бий болгохыг хүсэж байна” гэдгийг онцолсноор ярилцлагаа эхлүүлэв.



-Монгол Улс Саарал жагсаалтад орсноор ямар эрсдлүүд бий болсон гэж та харж байна вэ. Таны бодлоор Европ, Америкийн банкууд Монгол Улсын банктай харилцах зардлаа өсгөх үү?

-Саарал жагсаалт гэдэг бол эрсдлийг шударгаар үнэлэх баримт бичиг гэдгийг хэлье. Нийт 66 улс Саарал жагсаалтад орж, бас гарсан байдаг. 

Монгол Улс өмнө нь нэг удаа Саарал жагсаалтад ороод гарсан. 

Асуудлын гол нь Саарал жагсаалтад орж, гарахдаа биш, юуг засаж залруулж, юун дээр анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж буй хэрэг. 

Миний бодлоор Монгол Улсын Засгийн газар ФАТФ-ын бүс нутгийн байгууллагаас тогтоосон зүйлс дээр ахиц гаргахын тулд олон хууль тогтоомж, журмаа шинэчилж, шинэ хууль гаргаж, маш сайн ажилласан. Дахиад ч хийх ажил их байна.

Олон улсын банкууд Саарал жагсаалтад орсны төлөө харилцах зардал нь нэмэгддэг гэж би бодохгүй байна. Харин үндсэн асуудлуудаа засаж, залруулах шаардлага нөлөөлдөг байх. 

-Үндсэн асуудлууд гэж юуг хэлж байгаагаа тодруулахгүй юу?

-Нэг зүйлд би их баяртай байгаа. Юу гэхээр, Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хууль зөрчсөн хүмүүсийг шүүх, яллах нь бодит үүрэг гэсэн Засгийн газрын байр суурийг сонссон явдал. 

Санхүүгийн гэмт хэрэг маш олон төрөл байдаг. Гэхдээ өгсөн амлалтууд болон үргэлжилж байгаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас харахад Засгийн газар мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр үнэхээр тууштай ажиллана гэдэг ихээхэн итгэл төрүүлж байна.

-iKon.mn вэбсайт өнгөрсөн жил ЖДҮХС-д холбогдсон улстөрчдийн хэргийг олон нийтэд ил болгосон. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон энэ хэрэг одоо болтол эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа нь Монгол Улс Саарал жагсаалтад орсон нэг гол шалтгаан гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Юуны өмнө энэ асуудлыг эрэн сурвалжилж гаргаж ирсэн танай сайтын хамт олонд баяр хүргэе. Мөрдөн байцаалтад явж байгаа ямар ч асуудлын талаар би үг хэлэх боломжгүй. 

Харин миний хэлж чадах зүйл бол, санхүүгийн гүйлгээ олон улсын санхүүгийн системээр дамжиж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд банкуудтайгаа хамтран ажиллах нь маш чухал. Яагаад гэвэл банкууд бол аюулгүй байдлын тэргүүн фронт

Монгол Улсад маш сайн системтэй хүчтэй банкууд байгаа. Миний бодлоор аливаа санхүүгийн үйл ажиллагааг банкуудаараа дамжуулах тусмаа сайн. 

Саарал жагсаалтын тухайд тодорхой хэсгүүдэд ахиц гаргах боломжтой зүйлс дээр ажиллаагүй байсан явдал анхаарал татсан. 

-Саарал жагсаалтаас нэн яаралтай гарахын тулд манай улс хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдтэй хийсэн бүх уулзалтаас харахад Засгийн газар хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа нь маш тодорхой байна. Мэдээж Сангийн сайдын үүрэг маш чухал. 

Үнэндээ бид Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарахад туслалцаа үзүүлэх зорилгоор техникийн мэргэжилтнүүдийнхээ нэгийг Элчин сайдын яаманд Сангийн атташегаар авчраад байна

ФАТФ болон Засгийн газар хооронд тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөө нэлээд тодорхой байгаа. Нийт 40 өөр чиглэлд зөвлөмжүүд гарсан бөгөөд дээр хэлсэнчлэн маш олон ахиц дэвшил гарсан. Харин ирэх саруудад Засгийн газар өөрсдийн оруулсан хууль, тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтийг харуулах нь хамгийн гол түлхүүр юм.   

Манай улс ч олон чиглэлээр хамтарч ажиллах болно. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, хилээр нэвтэрч буй бэлэн мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Дээр дурдсанчлан мөрдөн шалгах чиглэлээр мөн хамтарч ажиллана. Хуулийн фирмүүд болон нягтлан бодох бүртгэлд үр дүнтэй хяналт тавих чиглэлээр бас хамтрах юм. Эдгээр нь FATF-аас анхаарах шаардлагатай хэмээн санал болгосон салбарууд. 

-Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах хэрэгтэй гэж үзсэн орнуудын нэг нь АНУ байсан гэж сонссон. Үнэхээр тийм бол гол буруутгаж байгаа зүйл нь юу байсан бэ?

-Энэ тухайд үг сонгохдоо болгоомжтой байхыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ бол буруутгах үйл явц биш, харилцан үнэлэх үйл ажиллагаа юм. Стандартууд нь маш тодорхой бөгөөд улс орон бүр тэрхүү дэлхийн стандартаар үнэлэгддэг. 

Дэлхийн хэмжээнд эдгээр стандартыг тавьж буйн учир нь улс орнуудын санхүүгийн системүүд бүгд хоорондоо холбоотой болсон, тийм биз? Монголын банкны систем л гэхэд Өмнөд Солонгостой холбогдох шаардлагатай болох жишээтэй. Нэг улсын санхүүгийн зохицуулалтын системийн аюулгүй байдал бүхэл бүтэн дэлхийн санхүүгийн системийн аюулгүй байдалд нөлөөлдөг. 

Тиймээс үүнд хяналт тавих үйл явцад АНУ ихээхэн оролцоотой бөгөөд хяналтын энэ үйл явц шударга, үнэн зөв гэдэгт итгэдэг.   

Энэ дагуу Монгол Улс Саарал жагсаалтад орох болсон. Бид ардчилсан, хүчирхэг эдийн засагтай тийм л Монгол Улсын ирээдүйн төлөө, үүнд тууштай итгэж байгаа орны хувьд Монголыг Саарал жагсаалтаас аль болох хурдан гарахыг хүсэж байна.

Тийм ч учраас өнөөдөр би энд байна. 

-Монголбанкны ерөнхийлөгч ирэх оны есдүгээр сард багтаж Монгол Улс Саарал жагсаалтаас гарна гэж хэлсэн. Ийм хугацаанд гарах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Бүх зүйл Засгийн газрын гарт байгаа. Зарим шинэ хуулийн хэрэгжилт үүнд чухал. 

Монголд ажиллах хугацаандаа бидний хийж буй ажлуудын нэг нь ФАТФ-ын үнэлгээнд үр нөлөө үзүүлэх, хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авах боломжтой зарим салбарыг тодорхойлоход Засгийн газарт тус дэм болох мэдээллүүдийг хуваалцаж байна. 

-Саарал жагсаалтад орсноор Монгол Улс, Монголын бизнес эрхлэгчид бусад улс оронтой хамтран ажиллахад бэрхшээл учрах уу?

-Би тэгж бодохгүй байна. 

Саарал жагсаалт бол хяналт тогтолцоо муу байгаа тэр асуудлуудыг сайжруулахад л чиглэсэн үйл явц.

Дэлхийн улс орон болгоны санхүүгийн системд ямар нэгэн сул тал байж л байгаа. Манай улсын хийж байгаа нэг ажил нь санхүүгийн гэмт хэргийг хянах, мөрдөн шалгах ажиллагааг сайжруулахад нь туслах замаар АНУ-ын санхүүгийн системийг хамгаалах юм.

Энэ бүхний үр дүнд төгс болно гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл эдийн засгийнхаа хэмжээнээс шалтгаалаад улс орон болгон өөр өөр эрсдэлтэй нүүр тулдаг. Харин Монгол Улсад тулгараад байгаа ихэнх эрсдэл нь АНУ-ын маш сайн мэддэг асуудлууд юм. 

Тийм ч учраас манай Сангийн яам төлөөллөө Монгол дахь ЭСЯ-нд авчирч байгаа бөгөөд сайн туршлагаа авчирж байна гэсэн үг. Хэрхэн шийдсэн арга замуудаа бид санал болгоно. Ингэснээр хуулиуд болон зохицуулалтуудаа сайжруулахад тус дэм болно.

Үл хөдлөх хөрөнгө бол нэг сонгодог жишээ. АНУ-д энэ салбар том асуудал байв. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгө зуучлалаар дамжуулан мөнгө угаасан байдаг. Угаасан маш их хэмжээний мөнгөөр босгож, бий болгосон маш том барилга, орон сууцанд хэн ч амьдарч чадахгүй үнэ нь өссөөр байдаг тул маш хор хохиролтой. Энгийн иргэд тэр орчинд амьдрах боломжгүй байдаг. 

Тиймээс Засгийн газар иргэдээ бодож, арга замаа төлөвлөснөөр үнэхээр шийдэх боломжтой. Энэ бол манай улсын хувьд маш их туршлага хуримтлуулсан салбар бөгөөд үлгэр жишээ болохуйц олон сайн санал санаачилга бий. 

-Монгол Улсад ирэх 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан нь улс төрийн ямар нэгэн шалтгаантай байх боломжтой юу?

-ФАТФ-ын үйл ажиллагаа бол техник ажиллагаа бөгөөд зөвхөн санхүүгийн систем болон баримтад анхаарал төвлөрүүлдэг. Улс төрийн үүднээс үр дүнд нь  нөлөөлөх боломж олгодог үйл явц биш юм.

Бүхий л улс оронд сонгууль болж, сонгуулийн үйл явцыг туулж байдаг. Тиймээс сонгуулийн талаар ярих шаардлагагүй болов уу. 

Харин олон улс орноос ирэх тусламжуудыг саатуулах нь томоохон сорилт болдог гэдэг утгаараа хилийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. 

-Хилийн аюулгүй байдлын талаар илүү тодруулахгүй юу?

-Засгийн газраас шийдэх шаардлагатай нэг зүйл бол иргэд хилээр их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч, гаалийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх явдал юм.

Хилээр бэлнээр оруулж ирж байгаа их хэмжээний тэр мөнгө нь америк доллар байдаг. Бид үндэсний мөнгөн тэмдэгтээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэгсэл байхыг хүсэхгүй.

Тиймээс энэ бол бидний мэдээлэл хуваалцаж байгаа бас нэг салбар. Монголын Засгийн газар ч шинэ технологи, шинэ чадварыг нэвтрүүлж эхэлж байгаа бөгөөд бид энэ тал дээр маш сайн дэмжиж байгаа. 

-Шинээр зөвлөсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд та юу зөвлөх вэ?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил бол хэзээ ч дуусахгүй аялал. Монгол Улс ч дуусашгүй тэмцэл бүхий энэ жагсаалтаас гарахыг хүсэж байгаа. 

Тиймээс ирээдүйд шаардлагатай хөрөнгө оруулалтын төрлийг тодорхой болгох үйл ажиллагааны төлөвлөгөөгөөг замын зураглал болгон харахыг санал болгож байна. Энэ нь ажлын цөм нь гэж би бодож байна.

Өөрөөр хэлбэл, Саарал жагсаалт бол хямрал биш, харин үүнийг боломж гэж харах хэрэгтэй. Улс орны эдийн засгийг хамгаалах монгол хүмүүс, мэргэжилтнүүдэд хөрөнгө оруулах боломж.