Уншиж байна ...

Манай улс тарьц суулгацын 63 сая нөөцтэй болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар хамтран "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр болон цаашид хийх ажлын талаар Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2030 он хүртэл уул уурхайн аж ахуйн нэгжүүд, төр, хувийн хэвшлийн байгууллагууд тодорхой тооны мод тарьж ургуулах амлалт авч, гарын үсэг зурснаар баталгаажсан билээ.

Хуучин нийгмийн үед ойг сэргээх, хортон шавжаас хамгаалах ажил их хийдэг байсан ч 1990 оноос үндсэндээ мартагдсан юм. Тэгвэл үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг сэргээх ажил дахин явагдаж эхэлснийг мэдэгдлээ. 2023 оны эцсийн байдлаар нийт 178 мянга га талбай бүхий ойг хортон шавжаас хамгаалах хор цацсан байна. Үүний үр дүнд 960 сая модыг гэмтэхээс сэргийлсэн аж.

Энэ онд 300 мянган га талбайг хортон шавжаас хамгаалах хор цацахаар төлөвлөж буй. Ингэснээр 1.3 тэрбум модыг аврах боломжтой гэж үзэж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уул уурхайн компаниуд 6.2 сая мод тарьсан гэх судалгааг Ажлын хэсгийнхэн танилцууллаа. Түүнчлэн 6.6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Мөн жилд 17 сая тарьц бойжуулж, талбайд гаргах хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг уул уурхайн компаниуд хамтран байгуулжээ.

Амлалт өгсөн 21 аж ахуйн нэгжээс хамгийн олон мод тарьсан байгууллагаар "Монголросцветмет" ТӨҮГ тодорчээ. Тус байгууллага өнгөрсөн хугацаанд 22 сая мод тарьж, ургуулсан юм.

Улсын хэмжээнд хамгийн олон мод тарьсан аймгаар Өмнөговь тодров. Тус аймагт олон улсын санхүүжилтийн үр дүнд "Ногоон тив" төслийг хэрэгжүүлсэн. Үүний дараа "Тэрбум мод" төслийн хүрээнд мод тарих ажлаа үргэлжлүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр танилцууллаа.

"Тавдугаар сарын 11-нд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Монгол Улсад орчин цагийн ойн салбар байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Тиймээс 2024 оныг ойн жил болгон зарласнаа салбарын сайд нь мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд тавдугаар сарын 11-ний өдрийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгохоор шийдвэрлэсэн. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 11-12-нд мод тарих ажлыг эхлүүлнэ. Цаашлаад тавдугаар сарын үлдсэн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот болон аймаг орон нутагт үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 

Энэ хүрээнд нийслэл хотын гурван байршилд мод, ургамлын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм. Тодруулбал Дамбадаржаа дахь цэцэрлэгт хүрээлэн, Ялалтын талбай, Тэнгэр плазад уг арга хэмжээг зохион байгуулна.

Уг ажлын үеэр зөвхөн үзэсгэлэн худалдаа явагдаад зогсохгүй ард иргэдэд ойн талаарх мэдлэг мэдээлэл олгох ажил давхар явагдах болно.

Орон нутагт 21 аймгийн төвд үзэсгэлэн худалдаа болохоос гадна төвлөрсөн 33 бүсэд мод тарих ажлыг зохион байгуулна. Мод тарих хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч оролцох эрх нь нээлттэй байгааг онцолъё.

Нийслэл хотод 2021 оноос хойш найман байршилд мод тарих ажил хийж байна. Энэ арга хэмжээнд иргэд сайн дураараа мод тарих ажилд оролцох боломжтой" гэж ярилаа.

"2023 оны байдлаар 62.9 сая тарьц суулгацын нөөцтэй болсон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын төгсгөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газрын дарга Б.Оюунсанаа "Анх "Тэрбум мод" хэрэгжүүлэхэд тарьц, суулгацын нөөцийг нэмэх шаардлагатай байлаа. Уг нөөцийг бүрдүүлэхэд мод үржүүлгийн газар чухал нөлөөтэй байдаг. Анх энэ төслийг хэрэгжүүлэхэд 306 аж ахуйн нэгж мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байсан бол одоо 452 болж нэмэгджээ.

Анх 37.1 сая мод ургуулах нөөц боломжтой байсан бол 2023 оны байдлаар 63 сая тарьц болж өссөн байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тарьц суулгацын нөөц улсын хэмжээнд 40 хувиар нэмэгдсэн.

Энэ төсөл хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьжээ. 

Дараагийн нэг онцлох асуудал бол үрийн нөөц. Анх энэ төсөл хэрэгжихэд 1.9 сая тонн үрийн нөөцтэй байсан бол өнгөрсөн жилийн төгсгөлөөр 12 сая тонн болж өссөн байна. Ингэснээр жилд тарих модны тарьц суулгацын хангамжийг бүрдүүлэхэд хангалттай хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Шинээр мод тарихаас гадна одоо байгаа ойгоо хамгаалах нь чухал. Шавжийн тархалтыг тогтоон барих нь ойг хамгаалах чухал ажилд тооцогддог. 2022 оны байдлаар 730 гаруй мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт байгааг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд энэ тархалтыг зогсоохын тулд олон ажил хийсэн юм.

Монгол Улсад одоогийн байдлаар ойгоор бүрхсэн талбайн хэмжээ 8.6 хувь байдаг. "Тэрбум мод" төсөл хэрэгжсэнээр энэ тоог ес болон түүнээс дээш хувьд хүргэх зорилго тавьсан. 

Зориудаар ойжуулж, байгалийн сэргэлтийг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд 4,000 га талбайд 3.1 сая мод тарихаар төлөвлөж байна. Ойн зохион байгуулалтын ажлыг гурван аймгийн таван сая га талбайд хийх юм. 

Ойн хээрийн түймрийн эсрэг 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө нь ашиглаж байсан газраа мөн сэргээхээр төлөвлөсөн. Түүнчлэн 130 мянган га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 3,000 га талбайд ойн арчилгаа цэвэрлэгээ хийх юм" гэж ярилаа.