Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах гэж байгаа талаар өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар "Энэ сарын 20-н буюу ирэх Даваа гарагт Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, үндэсний бичиг соёл, олон улсын музейн өдөр, Богд хааны ордон музейн хаврын нээлтэд зориулж БНСУ-аас бурхан багшийн лагшин эрдэнэсийг авчирч залах ёслол болно. Мөн энэ үеэр манай музейд хадгалагдаж буй бурхан багшийн шүд гэгддэг цахиур эрдэнэсийн хамт олон нийтэд дэлгэхээр төлөвлөсөн.
БНСУ-д Мьянмарын соёлын төв, Олон Улсын Буддагийн музей гэж бий. Энэ музейд хадгалагдаж буй бурхан багшийн үс эрдэнэ, хуруу эрдэнэ гэх мэт зүйлс Монголд ирэх юм.
Мөн үзэсгэлэнд манай музейд хадгалагдаж буй олон бүтээлийг толилуулна. Буддын шашны сургаалд нирваан төрхөө олоод дараа төрөлдөө очихдоо энэ биеийнхээ 30 хувийн эрдмийг аваад явдаг гэж ярьдаг. Харин үлдсэн 70 хувийн эрдэм нь биеийнх нь ясанд шингэдэг гэж үздэг.
Өмнө нь манай музейд Энэтхэгээс бурхан багшийн рэнсрэл ирж байсныг санаж буй байх" гэж онцоллоо.
Мөн энэ үеэр бурхан багшийн үлдэц эрдэнэс ямар учраас БНСУ-ын музейд очсон талаар "Самъяа" хийдийн дэд хамба н.Батболд тайлбарласан юм.
Тэрбээр "Одоогоос 2,560 гаруй жилийн өмнө бурхан багш мэндэлсэн. Бурхан багшийн мэндэлсэн, ариусан гэгээрч бурхны хутгыг олсон, нирваан дүрийг олсон гурван их дүйчин өдрийг 1999 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын баталснаар тэмдэглэж ирсэн билээ.
Монголчуудын хувьд зуны тэргүүн сарын шинийн 15-ны их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгож тэмдэглэхээр Улсын Их Хурал (УИХ)-аас тогтоол гаргасан.
Бурхан багш 81 насандаа лагшин дүрээ хурааж, нирваан дүрийг таалсан гэж үздэг. Түүний дараа шавь нар нь чандарлаж хайлуулахад зарим эд эрхтэн нь рэнсрэлүүд болон үлдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Бурхан багшийн эрдэнэс нь дэлхий дээр байгаа олон эрдэнэсээс хамгийн дээд нь гэдэг. Тиймээс бурхан багшийн ринсрэлүүдийг зална гэдэг нь бурхан багш өөрийн биеэр морилон ирлээ гэж буддын шашинтнууд сүсэглэдэг.
Бурхан багшийг таалал төгссөний дараагаар найман улсын хаан ринсрэлийг нь хувааж аваад 10 газар суварга босгон байрлуулсан түүхтэй.
Бурхан багшийн хоёр эрхэм шавь нь ирээдүйд хинди шашинтнуудын зүгээс түрэмгийлсэн үйлдэл ирнэ гэдгийг таамаглаж байсан тул тухайн үеийн хаантайгаа тохиролцоод ринсрэлийг боломжийнхоо хэрээр цуглуулж Бирм улсын хил орчимд бунхан байгуулаад хиймэл уул бүтээж, нуусан байдаг.
Үүнээс хойш 2,500 гаруй жилийн турш тэр газар хаана байгаа нь мэдэгдэлгүй, аман яриа, домог хэлбэрээр үе дамжсан юм. Улмаар 1912 онд Бирмд хүчтэй газар хөдлөлт болсноор хиймэл уул нурж, суварга ил гарснаар тухайн үеийн археологичид бурхан багшийн ринсрэл гэж зарласан юм.
Ингээд одоогийн Мьянмар улсад маш олон суварга босгож, бурхан багшийн лагшин эрдэнэсийг хадгалж ирсэн. Манай улсад бурхан багшийн ринсрэлийг залж буй лам маань Мьянмараас БНСУ-д хүндэт элчин сайд гэгддэг. Мөн Хууль зүйн хорооны дарга зэрэг олон албан тушаал хашдаг. Энэ хүний нөлөөгөөр Мьянмар-БНСУ-ын найрамдлын нийгэмлэгийг байгуулснаар Буддын шашны Олон Улсын Музейн шав тавигдсан юм. Энэ музейд бурхан багштай холбоотой 500 гаруй эд зүйлийг хадгалж байна.
Бурхан багшийн хуруу эрдэнэсийг хоёр улсад хадгалж байна. Тодруулбал БНХАУ-ын нэгэн сүмд бий. Хуруу эрдэнэсийг 2005 онд БНХАУ-аас БНСУ-д залахад 40 гаруй хоногийн турш сүсэгтэн олон мөргөл үйлдсэн. Энэ хуруу эрдэнэсийг Монголд дөрөв хоногийн турш залаад энэ сарын 24-нд буцна. Бурхан багшийн үс эрдэнэс, яснаас гарсан үлдцийг манай улсад бэлэглэж буй юм. Бурхан багшийн ринсрэлийг бие биедээ бэлэглэх гэдэг эртний ёс заншил. Бидний хувьд ховор аз завшаан юм" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|