• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

"Флорида Пантерз" хоёр жил дараалан Стэнлийн цомын эзэн боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн энэ улирлын аваргаар "Флорида Пантерз" баг тодорлоо.

Шигшээ цувралын зургаа дахь тоглолтод өрсөлдөгч "Эдмонтон Ойлерз"-ыг 5:1-ээр буулган авснаар Стэнлийн цомыг хоёр жил дараалан өргөсөн юм. Энэ тоглолтод 29 настай канад хоккейчин Сэм Райнхарт дөрвөн гоол оруулснаар багаа хожилд хүргэжээ.

Канад эр цомын шигшээ цувралд нийт долоон гоол оруулснаар 40 жилийн өмнө ийм амжилт үзүүлсэн домогт Уэйн Гретцкигээс хойших анхны тоглогч болсон байна. 

Харин хасагдах шатанд 15 гоол оруулсан Сэм Беннетт Конн Смайтын цом буюу плэй-оффын шилдэг тоглогчид олгодог шагналыг хүртэв.

"Эдмонтон" баг хожигдсоноор NHL-д Канадын баг түрүүлээгүй хар түүх дахин үргэлжиллээ. Хамгийн сүүлд 1993 онд "Монреаль Канадианс" түрүүлснээс хойш канадчууд цомын бараа хараагүй юм.

"Флорида"-чууд хоёр жил дараалан Стэнлийн цом авсан лигийн түүхэнд ес дэх баг болов. Тэднээс өмнө "Тампа Бэй" 2020-2021 оны улиралд дараалан түрүүлсэн билээ. 

1993 онд үүссэн цагаасаа хойш 31 улирал лигт данстай яваа Майами хотын баг өнгөрсөн жил Стэнлийн цомыг анх удаа хүртэж байв. 

Тэд бүсийн аваргаар 1996 онд анх удаа тодорсон ч "Колорадо"-д дийлдсэн бол 2023 онд хоёр дахиа аваргын төлөө гарч ирээд Лас Вегас хотын багт ялагдсан удаатай.

 

Эх сурвалж: CNN