"Ахмадын эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Ахмадад ээлтэй, аюулгүй орчин нөхцөл Монгол Улсад бүрдээгүй. Өөрөөр хэлбэл дэд бүтэц хөгжөөгүйгээс үүдэн ахмадууд нийгмийн амьдралд оролцоход саад учруулдаг" гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул ярьсан юм.
Тэрбээр хэлэхдээ "Ахмадад ээлтэй орчин нөхцөл бүрдээгүй гэж судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь дуу нэгтэй хариулсан.
Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй. ГССҮТ-ийн мэдээллээс үзэхэд осол гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж авсан ахмадуудын 62 хувь нь унаж бэртсэн байх жишээтэй.
Нөгөө талаас ахмад настныг үеэ өнгөрөөсөн, хуучны тэтгэврийн гэх мэт нийгмийн хандлагаас улбаатай ялгаварлан гадуурхах, тусгаарлах үзэл хандлага байна.
Ахмадууд маань туулж өнгөрүүлсэн нийгмийнхээ тусгал болдгийн хувьд бид нар ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрч үе хоорондын үнэт зүйлсийг эрхэмлэх, бие биеэ үгүйсгэлгүй ойлголцлыг дэмжих нь чухал.
Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран 2023 онд хийсэн судалгаанаас авч үзэхэд:
Ахмадууд маань олон төрлийн архаг өвчнөөсөө болж шаналж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг.
Ялангуяа ар гэрийн ямар нэгэн дэмжлэггүй ахмадууд хүнд хагалгаанд ороход мөнгө санхүүгийн хомс байдлаас үүдэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй.
Нөгөө талаар манай эрүүл мэндийн тогтолцооны бодлого, хууль эрх зүйн хэрэгжилт сул.
Төрөөс цахимжих бодлого барьж, төрийн үйлчилгээ цахимжиж байна гэдэг. Гэтэл ахмадуудад энэ чиглэлээр технологийн мэдлэг олгох сургалт, чадавхжуулах үйл ажиллагаа хомс. Үүнээс үүдэн ахмадууд төрийн цахим үйлчилгээнээс ашиг шим хүртэж чадахгүй байна.
2024 онд нийгмийн халамжийн үйлчилгээнд 36.5 мянган ахмад настан шинээр хамрагдсаны 775 нь л цахимаар үйлчилгээ авсан байх жишээтэй. Үүнээс харахад ахмадууд маань цахим ялгаварлан гадуурхалтын нөлөөнд автаж байна гэж хэлж болохоор" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!