"Ахмадын эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн жил 1,311 гомдол мэдээллийг ХЭҮК хүлээн авснаас 70 орчим гомдол нь ахмадуудаас иржээ.
Нийтлэг агуулга нь УИХ-аас тогтоосон тэтгэврийн итгэлцүүртэй холбоотойгоор тэтгэврийн зөрүү үүссэн гомдол гэдгийг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар хэллээ.
Үргэлжлүүлэн ахмад настнуудын өмнө тулгарч буй асуудлын талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул дараах мэдээллийг хүргэв.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улс ахмад настнуудаа хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай. Энэ утгаараа ахмадын эрхийн асуудлаарх бие даасан хуультай цөөн улс орнуудын нэг.
Сүүлийн жилүүдэд төрөөс ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
ХЭҮК-оос 2023 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ ахмадын эрхийн асуудлыг оруулсан. Үүний үр дүнд бодлогын өөрчлөлт гарсныг онцолмоор байна.
Манай улсын ахмадын тоо нэмэгдэхийн хэрээр асруулах шаардлагатай ахмадын тоо жилээс жилд өсөж байгаа ч тэдэнд үзүүлж буй үйлчилгээний төрөл, хүртээмж хангалтгүй байсан. Ялангуяа ахмад настанд үзүүлэх урт хугацааны үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх бодлогын хэрэгжилт хангалтгүй.
Ахмад настны тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад дагалдах хуульд орсон өөрчлөлтийг ярьж байна. Үүнд ахмад настанд цогц үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуульчилж, үйлчилгээний төрөл хэлбэрүүд нэмэгдсэн байгаа.
Нөгөө талаар ахмад настныг өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах хөдөлмөрлөх боломж олгодоггүй шууд тэтгэврийн насанд хүрмэгц ажлаас чөлөөлөх асуудал гардаг байсан.
Хөдөлмөрийн тухай хуульд 65 насанд хүрээгүй, өөрөө хүсэлт өгөөгүй байхад тэтгэвэрт гарахыг нь шаардах үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлахыг хориглох хэд хэдэн өөрчлөлт орсон" гэв.
Мөн "ХЭҮК илтгэлдээ гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг авч үзсэн. Дөрвөн ахмад настан тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна.
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар болон ахмадуудын байр стандартад нийцэхгүй байгаа асуудал гээд олон зүйл бий" гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!