"Ахмадын эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг энэ сарын 19, 20-нд зохион байгуулах талаар мэдээлсэн юм.
Ахмадуудын өмнө тулгарч буй хүндрэл ба ахмадын асрамжийн газруудад хийсэн хяналт шалгалттай холбоотой мэдээллийг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г. Ууганбаатар дараах байдлаар танилцуулав.
Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр ахмадын долоон асрамжийн газар үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал Дорноговь, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймаг болон Төв аймгийн Батсүмбэр суманд ахмадын асрамжийн газрууд бий.
ХЭҮК-оос 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд ахмадын асрамжийн газрын үйл ажиллагааг тусгаж, хяналт шалгалтыг зохион байгуулсан.
Нийтлэг илэрч байгаа зөрчлийн хэд хэдэн асуудал байлаа.
Улмаар ХЭҮК-ын гишүүний зөвлөмж, шаардлагыг Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Тус аймаг дахь ахмадын асрамжийн шинэ байр өнгөрсөн оны намар ашиглалтад орсон билээ.
Ахмадын асрамжийн газрын бүх байрыг шинэчлэхэд улсын төсвийн боломж хомс учраас засвар үйлчилгээ хийх, ахмадын бие бялдрыг хөгжүүлэх болон эрүүл мэндийг дэмжих чиглэлээр өрөө тасалгаа бий болгох комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн.
Хоол хүнстэй холбоотой санал хүсэлтүүд байгаа.
Ахмадууд маань бусад хүнийг бодоход харьцангуй өөр төрлийн хоол хүнс буюу зөөлөн юм идэх сонирхолтой байдаг. Үүний зэрэгцээ үндэсний онцлог шингээсэн хоол хүнс хэрэглэх хүсэлт бий. Энэ дагуу хоол хүнсний чанар хүртээмж хангалтгүй байна гэдэг асуудлыг ярьсан.
Хяналт шалгалтад хамрагдсан ахмадын асрамжийн газрын удирдлагуудаас энэ талаар тодруулахад төсвийн асуудал ярьдаг.
Мэдээж улсын төсөвтэй холбоотой асуудал, улсын төсвийн санхүүжилт байгаа учраас хоол хүнсний амт чанарыг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч байна. Мөн ахмадуудаас санал хүсэлтийг нь авдаг боловч үүнийг бүрэн шийдвэрлэхэд тодорхой төсвийн асуудал хэрэгтэй байгааг хэлсэн.
Холбогдох төсөвт нь анхаарал хандуулах зөвлөмжийг тухайн аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байсан. "Тодорхой хэмжээнд төсвийн асуудалд нь дэмжлэг үзүүлж байгаа. Холбогдох засвар үйлчилгээг хийж байна" гэх зөвлөмжийн хариуг ирүүлээд буй.
Тухайлбал Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын шинэ барилгыг барьж байна.
Дорноговь аймаг дахь ахмадын асрамжийн газар ашиглалтад орсон. Бусад ахмадын асрамжийн газар тодорхой засвар үйлчилгээнүүдээ хийж байна.
ХЭҮК-оос сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг тусад нь байгуулах талаар удаа дараагийн илтгэл, саналыг УИХ-д оруулж байсан.
Өөрөөр хэлбэл сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газрыг Батсүмбэр дэх ахмадын газартай хамт нэг дор байлгаж байна.
Энэ нь ахмад настнуудад сөрөг нөлөө үзүүлэх буюу эрсдэлтэй нөхцөлүүдийг бий болгож байгаа хэд хэдэн тохиолдол гарч байсан. Тиймээс сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг тусад нь асрах газар байгуулах шаардлагатай.
Дээрх асуудлаар ХЭҮК-ын гишүүний зөвлөмжүүдээ ч хүргүүлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улсад сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг тусгайлан асрах газар алга.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!