• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

"Шалгуулагчид ЭШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламжаа энэ сарын 28-наас БҮТ-ийн сайт, e-Mongolia-гаас өөрсдөө хэвлэн авна"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуульд суралцах эрхийн төлөөх Элсэлтийн Шалгалт(ЭШ) өнөөдөр 10:00 цагт түүхийн хичээлээр эхэлсэн. 

Энэ оны эхний удаагийн шалгалтад 43,318 хүн бүртгүүлснээс 40,000 гаруй нь хамрагдаж байна. Тэдний 3,000 гаруй нь өмнөх оны төгсөгчид. Харин энэ онд орон нутагт 21,362, нийслэлд 21,599 буюу нийт 42,961 хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байна.

Шалгалтын зохион байгуулалт, энэ жилийн онцлогийн талаар Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн ЭШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал "Шалгалтыг улсын хэмжээнд 50 төвд авч байна. Зохион байгуулалтад 2,966 хүн ажиллаж буй. 

ЭШ-ын энэ жилийн онцлог нь математикийн 1,000 бодлогыг нээлттэй өгч, түүнээсээ шалгалтын материалаа бүрдүүлсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүнг ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх ажил энэ жил ч мөн үргэлжилж байна. 

Энэ жилийн эхний шалгалт зургаадугаар сарын 18-21-нд үргэлжлэх бөгөөд арванхоёрдугаар сард багтан хоёр дахь ЭШ-ыг зохион байгуулна.

зураг
 
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ

  1. иргэний үнэмлэх
  2. суудлын хуваарь
  3. бүртгэлийн хуудас
  4. бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авчрах ёстой.

Хэрэв иргэний үнэмлэх нь байхгүй бол e-Mongolia-гийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно.

Харин бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн эсвэл өөрт байхгүй өмнөх оны төгсөгчид e-Mongolia-гаас лавлагаагаа аваад ирж болох юм. Шалгалт дууссанаас 10-20 минутын дараа материалуудыг шууд засах бөгөөд хүүхдүүд анхны оноогоо мэдээд явах боломжтой. Анхны оноог нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн хувьд тооцоод хэмжээст оноог бодон 24 цагийн дараа БҮТ-ийн сайтад байршуулна.

Шалгуулагчид ЭШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсаа зургаадугаар сарын 28-наас БҮТ-ийн сайт болон e-Mongolia руу нэвтрээд өөрсдөө хэвлэн авна. Батламж нь 2.8 жилийн хугацаанд хүчинтэй" гэлээ.