• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Г.Хажидмаа: “ЭТТ” ХК-ийн удирдлагууд гэрээ хийсэн Хятад компаниудынхаа урд гөлгөнөж байгаа учраас бид Ерөнхийлөгчид хандана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрдэнэс Тавантолгой” ХК (ЭТТ)-ийн уурхайчид хөдөлмөрийн мөлжлөгт орсон тул ерөнхийлөгчид хандаж байгаа тухайгаа "Баялагтаа Эзэн Монгол" үндэсний хөдөлгөөнөөр дамжуулж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

"Баялагтаа Эзэн Монгол" үндэсний хөдөлгөөний гишүүн Г.Хажидмаа "Сүүлийн 10 хоногийн хугацаанд ЭТТ компанитай гэрээтэй Хятад компанид ажиллаж байгаа уурхайчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг удаа дараа хөндсөн. ЭТТ дээр очиж уухайчдын эрх ашгийг хамгаалаад өгөөч гэж хоёр удаа шаардлага өгсөн. 

Харамсалтай нь ЭТТ компани бидэнд "гадаадын туслан гүйцэтгэгч компаниудад монгол ажилчдыг яаж ажиллуулах талаар шаардлага тавьж чадахгүй" гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд захирагдахгүйгээр баялгийг маань гаднынхан сүүлийн 30 жилийн хугацаанд хангалттай ухлаа.

Өнөөдөр ард түмэн бид хохирч байна. Монгол Улсын баялгийг харийнханд өгч байгаа УИХ-ын гишүүд маань хууль дүрэм журмыг харь орныхонд зориулж засдаг болсон. Баялаг хэрхэн урсаж байгаа вэ гэдгийг нууцын зэрэглэлд оруулчихсан. Гадаадууд ямар шаардлага хангаж, лиценз олгоод байгаа ил гарга. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мянга мянган уурхайчдын эрх ашгийг төрд байгаа үе үеийн УИХ-ын гишүүдийн нэг нь ч хамгаалсангүй. Салбар салбарын сайд болж очоод харийнханд зориулсан хууль батлаад байна. "Баялагтаа Эзэн Монгол" үндэсний хөдөлгөөн нь стратегийн ач холбогдол бүхий ордуудаас ард түмэн баялгаа хүртдэг байх гол зорилттой. 

Монгол Улсын ерөнхийлөгч монголын ард түмнийг баялагт нь эзэн болгоно хэмээн амласан. Тиймээс ордуудаас хувь хүртээе гэж "Баялагтаа Эзэн Монгол" үндэсний хөдөлгөөнийг байгуулсан. Уурхайчдын эрх ашгийг хамгаалахаар энд хэвлэлийн хурал зарласан. 

Уурхайчдын бидэнд өгсөн албан болон албан бус мэдээллээр бол гадаадын компаниуд Монгол уурхайчдыг хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байна. Мөн маш олон жилээр нийгмийн даатгалыг нь төлдөггүй. Хаанаас авсан нь тодорхойгүй махаар хоол хийж өгдөг гэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой томоохон 2-3 компани 1,000 гаруй уурхайчдын эрх ашгийг зөрчсөн асуудлаар шаардлага өгсөн.

Харамсалтай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ асуудлыг зөвшилцөлд хүргэж чадахгүй, бидний үгэнд орохгүй, манай компанийн асуудал та нарт хамаагүй гэх байр суурийг илэрхийлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд гэрээ хийсэн Хятад компаниудынхаа урд гөлгөнөж байгаа учраас бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон "Эрдэнэс Монгол" нэгдэлд хандахаар албан бичиг бэлдсэн" гэв.