УЕПГ: Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 935.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 2024 он, 2025 оны I улиралд 1,992 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мал хулгайлах гэмт хэрэг
- Хэнтий аймагт 361,
- Дорнод аймагт 288,
- Архангай аймагт 239,
- Увс аймагт 210,
- Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна.
Харин Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагчаар татагдсан 614 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 55 яллагдагчид цагдан хорих, 37 яллагдагчид хязгаарлалт тогтоох, нэг яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 66.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан бөгөөд 935.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.
Шүүхээс 248 хэрэгт 374 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- 277 шүүгдэгчид 1-9 жил хүртэл хугацаагаар хорих ял,
- 56 шүүгдэгчид зургаан сараас дөрвөн жил таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
- 40 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- нэг шүүгдэгчид ял оногдуулахгүй хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
