Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Шийдвэр гаргах түвшинд зөвхөн эрэгтэйчүүдийг л дэмжинэ гэх үзэл буурчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа-II” дүнг өнөөдөр танилцууллаа. 

Уг судалгаа нь гурван жилийн дараа хийгдэж байгаа бөгөөд 2021 оны тайлангаар эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй эсрэгээрээ эрэгтэйчүүд илүү дэмждэг шүү гэх үзлийг няцаасан байна. Тодруулбал парламентад эмэгтэйчүүд 17.1% байгаа нь хангалттай юу гэдэг асуултад эрэгтэйчүүдийн 66.5% нь хангалттай, эмэгтэйчүүдийн 51.2% нь хангалтгүй гэж хариулж байжээ. 

Хоёр дахь удаагийн судалгааны үр дүнгийн талаар МУБИС-ийн Нийгмийн Ухааны тэнхимийн эрхлэгч С.Түмэндэлгэр дараах зүйлсийг танилцууллаа. 

"Зан үйлийн хяналт тавих тал дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй"

Өрхийн эрх мэдлийн хуваарийн хувьд: 

  • Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрэгтэй нь өндөр хувьтай, 
  • Хөрөнгө нөөцийг захиран зарцуулахтай холбоотой шийдвэрийг хэн гаргах вэ гэх асуулт дээр бараг тэнцүү ч эрэгтэй нь өндөр хувьтай
  • Зан үйлийн хяналт тавих асуудал дээр эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ илүү эрх мэдэлтэй гэсэн хариулт өндөр байжээ. 

Ерөнхийдөө судалгааны багийнхан хэвшмэл үзлийн түвшин буурч байна гэж дүгнэсэн байна. 

Тодруулбал манай улсад өрх гэр бүлийн хөдөлмөрийн хуваарилалт тал дээр хэвшмэл үзэл бүхий зан үйлийг хадгалах төлөвтэй харин гэрээс гадуурх орчинд уг үзэл нь өөрчлөгдсөн байдалтай байна гэдгийг судалгааны багийнхан онцлов.  

Түүнчлэн эмэгтэйчүүдийн хэвшмэл үзэл бага харин эрэгтэйчүүдийнх илүү өндөр байгаа ч жил ирэх тусам өөрчлөгдөж байгаа нь олзуурхууштай гэв. 

Аль салбарыг ямар хүйсний хүн удирдвал илүү дээр тал дээр: 

Өмнө нь болон одоогийн ажиллаж байгаа эмэгтэй сайдын бодит дүр нь олон нийтийн дунд тухайн салбарыг эмэгтэй хүн удирдаж болно гэсэн төсөөллийг бий болгоход маш чухал үүрэгтэй байгаа төлөв ажиглагджээ.

Түүнчлэн өрх гэрийн тэргүүн эрэгтэй хүн байхад улсын тэргүүн эрэгтэй байх нь зүйтэй гэсэн үзэл эрэгтэйчүүдэд давамгайлсан байна. Харин эмэгтэйчүүдийн 45.7% нь эмэгтэй ерөнхийлөгчтэй болно гэсэн итгэлтэй гэж хариулжээ.

Залуу эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх хандлага өсжээ

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих магадлалтай хүмүүсийн тоо:

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих магадлалтай хүмүүс 25 хувьтай буюу өмнөх судалгаанаас 10 хувиар нэмэгдсэн ба аль алийг нь дэмжинэ гэсэн хүмүүсийн хувь мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Харин эрэгтэйчүүдийг л дэмжинэ гэсэн хэсэг нь буурсан байгаа аж. 

Нас, хүйс, хөрөнгө чинээ: 

Олон нийтийн дунд хөрөнгө чинээг чухалчлах үзэл буурсан ч эмэгтэйчүүдийн дунд чухалчлах үзэл бага зэрэг өсжээ.

Насны хувьд залуу хүнийг илүүд үзэх төлөвтэй тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх хандлага өссөн байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав