Уншиж байна ...

7-Eleven дэлгүүрийн сүлжээний эзэн $38 тэрбумаар худалдаж авах өрсөлдөгчийнхөө саналд татгалзсан хариу өглөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Жижиглэн худалдааны 7-Eleven дэлгүүрийн сүлжээг эзэмшигч Японы компанид Канадын өрсөлдөгч нь $38 тэрбумаар худалдаж авах санал тавиад байсан юм.

Тэгвэл тус сүлжээг эзэмшигч Seven & I Holdings компани өчигдөр уг саналд татгалзсан хариу өгчээ.

Санал тавьсан Канадын компани нь Cirkle-K сүлжээг эзэмшигч Alimentation Couche-Tard (ACT) байсан юм. 7-Eleven сүлжээний эзэмшигч саналаас татгалзах болсон шалтгаанаа “үнэлгээ бага”, бас АНУ-ын засгийн газрын шударга өрсөлдөөнийг хамгаалах байгууллагаас уг наймаанд хориг тавих эрсдэлтэй гэж тайлбарлажээ.

Гэхдээ илүү сайн санал тавьсан тохиолдолд хэлэлцэхэд нээлттэй гэдгээ бас илэрхийлсэн байна.

Канадын Квебек мужид төвтэй ACT нь Умард Америк, Европ, Азийн зах зээлд Cirkle-K, Couche-Tard брэндийн 17,000 орчим дэлгүүр ажиллуулдаг.

Харин конвенинс дэлгүүрийн дэлхийн хамгийн том сүлжээ 7-Eleven нь 20 орчим улсын зах зээлд 85,000 орчим дэлгүүртэй.

Энэ наймаа хэрэгжсэн бол дэлхий даяар 100,000 гаруй салбартай асар том сүлжээ бий болох байв.

Түүхэнд Японы ийм хэмжээний компанийг гадаадын компани худалдаж авсан тохиолдол байдаггүй. Эсрэгээрээ Японы компаниуд гадаадын компаниудыг худалдаж авах явдал түгээмэл байдаг. Ерөнхийдөө Японы зах зээл гадаадын компаниудад хаалттай байдаг гэхэд болно.

“Япон улс үндэсний баялгаа хамгаалах нь мэдээж. Seven & I бол тус улсын томоохон баялаг. Тиймээс уг наймааны яриа хэлэлцээ нэлээд сунжрах байх гэж би бодож байна. Хэрвээ амжилттай болбол Япон улс бизнест, гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй гэдгээ харуулсан үйл явдал болно” гэж Astris Advisory Japan компанийн стратегийн албаны захирал Нэйл Ньюман хэлжээ.

Өнгөрсөн онд Японы засгийн газар компаниудын нэгдэх, худалдан авах үйл явцыг зохицуулах шинэ удирдамждаа гадаадын компаниудын тавьсан бодитой саналд тодорхой үндэслэлгүйгээр татгалзахгүй байхыг үндэсний компаниуддаа уриалж байсан юм.

 

Эх сурвалж: BBC