Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрдэмтэд роботыг инээмсэглэдэг болгох “амьд арьс” бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы эрдэмтэд роботын нүүрэнд суулгах боломжтой “амьд арьс”-ыг бүтээжээ.

Ингэснээр робот нь инээмсэглэх, гуниглах гэх мэт сэтгэл хөдлөлийг нүүрэндээ харуулах чадвартай болох юм.

Токиогийн Их сургуулийн Биогибрид Системийн Лабораторийн профессор Шожи Такеүчи тэргүүтэй эрдэмтэд уг хиймэл арьсыг лабораторид хүний эсээс ургуулах замаар бий болгожээ.

Тэдний багийн тараасан дүрс бичлэгт хиймэл арьс нь урагдаж, гацаж, бөөгнөрөлгүйгээр инээмсэглэснийхээ дараа буцаад хэвдээ орж буйг харуулсан байна.

Өмнө нь туршигдаж байсан ийм арьснууд хатуу гадаргуу дээр тогтоогоод хөдөлгөхөд урагдаж гэмтдэг байсан юм.

Одоохондоо хиймэл арьсны инээмсэглэл хүнийхтэй харьцуулахад болхи, энимэйшн киноны дүр мэт харагдаж байгаа ч цаашдаа улам боловсронгуй болгож чадна гэдэгтээ Такеүчи итгэлтэй байна.

“Бидний гаргаж авсан арьс нь нүүрний булчин, хөлсний булчирхай, өөхний булчирхай, нүх сүв, цусны судас, мэдрэл зэрэг хүний арьсанд байдаг биологийн бүх үйл ажиллагааг гүйцэтгэдэг болох зорилготой. Ийм цогц ажиллагаа нь илүү амьд, интерактив робот бүтээхэд туслах юм” гэж тэр ярьжээ.

Биогибрид роботууд бий болсноор хүмүүс хүн дүрст машинуудтай зэрэгцэн амьдрах нийгмийн хувьсгалыг авчрах юм.

Такеүчигийн баг бас лабораторид 3D хэвлэгчээр гаргаж авсан махаар бүтээсэн биологийн булчинтай мини робот бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Reuters