32 настай Америкийн жүжигчин, дуучин Селена Гомес тэрбумтан болсныг Блүүмбэрг агентлаг өчигдөр зарлажээ.
Гомесын таван жилийн өмнө байгуулсан Rare Beauty гоо сайхны бүтээгдэхүүний компани дахь хувь эзэмшлийн үнэлгээ нь $1 тэрбум давсныг тус агентлаг тооцоолсон юм байна.
Энэ амжилт нь түүнийг Тэйлор Свифт, Рианна нартай зэрэгцэн “өөрийн хүчээр баяжсан” хамгийн залуу эмэгтэй тэрбумтнуудын нэг болгож байгаа ажээ.
Бүтээгдэхүүнүүд нь сошиал орчинд ихээхэн алдаршсан Rare Beauty компани энэ оны хоёрдугаар сарыг хүртэлх 12 сарын хугацаанд $400 саяын орлоготой ажилласан юм.
Үүнээс гадна Гомес олон арван саяыг Louis Vuitton, Coach, Puma зэрэг брэндүүдтэй байгуулсан сурталчилгааны гэрээнээс олдог.
Тав дахь бүлэг нь саяхан цацагдсан Hulu платформын “Only Murders in the Building” цувралын бүлэг бүрээс тэр хамгийн багадаа $6 саяыг олжээ.
Техас мужийн уугуул Гомес амьдралынхаа ихэнх он жилүүдийг уран бүтээл, хувцас загвар, найз залуу, эрүүл мэндийн зэрэг олон асуудлаар олны анхаарлын төвд байсаар ирсэн юм.
Түүний гэр бүл Мексикээс АНУ-д цагаачлан ирж байжээ.
Өнгөрсөн онд тэр Инстаграм платформын хамгийн олон дагагчтай эмэгтэй болсон юм.
Одоо Гомес 424 сая гаруй дагагчаараа Тэйлор Свифт, Кайли Женнер зэрэг алдартнуудыг араасаа дагуулж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!