АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь Техасын Их сургууль энэ хичээлийн жилээс дижитал медиа инфлүэнсерийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг эхлүүлжээ.
Энэхүү шинэ хөтөлбөрт гэрэл зураг засварлах, вэб сайт хөгжүүлэх зэрэг ур чадвараас гадна үзэгчдийн сэтгэл зүйг судлах, дата дүн шинжилгээ хийх мэдлэг олгох юм байна.
“Бид медиа инфлүэнсерийн ажлыг 21 дүгээр зууны мэргэжил болгохыг хүсэж байна” гэж хөтөлбөрийг боловсруулсан олон нийтийн харилцааны дэд профессор Чад Махуд ярьжээ.
ТикТок, Инстаграм зэрэг сошиал платформуудын хурдтай хөгжлийн нөлөөгөөр контент бүтээгчдийн гэх эдийн засгийн шинэ салбар бий болоод байгаа.
Голдмэн Сакс банк АНУ-ын зах зээл дэх энэ салбарын одоогийн үнэлгээг $250 тэрбум орчим, 2027 онд $480 тэрбумд хүрэх тооцоо гаргасан байдаг.
Тус банкны мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар 50 сая орчим хүн энэ салбарт ажиллаж байгаа ажээ.
Тэдгээрийн бүтээдэг контентын агуулга маш олон төрөлд хуваагддаг. Тухайлбал үс арчилгаа, гоо сайхны зөвлөгөө, рестораны хоолны үнэлгээ, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний хичээл гэх мэт.
Тэдний орлогын гол эх үүсвэр брэндүүдийн сурталчилгаа байдаг.
Гэхдээ АНУ-ын инфлүэнсерүүдийн дөрөв орчим хувь нь л жилд $100,000-аас дээш орлоготой ажилладаг гэж Голдмэн Сакс үзэж байна.
Одоогоор шинэ ангид нь найман оюутан элсэж, өөр 80 хүний элсэх хүсэлт ирүүлээд байгааг Техасын Их сургууль мэдээлжээ.
Төгсөгчид нь инфлүэнсер болохоос гадна томоохон компаниудад зар сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллах боломжтойг Махуд хэлж байна.
“Инфлүэнсерийн гол ажил брэндээ хэрхэн сайн зарах. Гэхдээ энэ нь зөвхөн сайн видео, сайн вэб сайт хийхээр хязгаарлагдахгүй, үзэгч, дагагчидтай холбогдох, тэднийг ойлгох, хандлагад нь дүн шинжилгээ хийж чаддаг байх явдал юм” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: Tribune News Service
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!