С.Тулга: Засгийн газар бондын арилжаа амжилттай хийж ₮51.7 тэрбумын хүүгийн зардлыг хэмнэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
13 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас шинээр гаргаж буй бондын талаар Сангийн яамны төлөөлөл мэдээлэл өглөө.

Тус яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга “Засгийн газраас “Сенчири-5” өрийн дахин санхүүжилтийн ээлжит арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай авч хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, шинэ босгож байгаа бондоор өмнөх бондуудынхаа өрийг төлж байгаа хэрэг юм. Өнгөц харахад өрийг өрөөр төлөөд байгаа мэт боловч нэгдүгээрт, Засгийн газар хэдий хэмжээний бага купонтой, хэдий амжилттай бонд гаргаж чадна тэр хэмжээгээр хувийн хэвшлийнхэн олон улсын зах зээлээс мөнгө босгон өгөөжийн муруй болж өгдөг. Манай улсын хувьд ижил түвшний зээлжих зэрэглэлтэй орнуудын хувьд хамгийн бага купонтой гарч чадаж байгаа цөөхөн орнуудын нэг. Хоёрдугаарт, бид валютын нөөцөө хадгалж үлдэж чадаж байна. Гуравдугаарт, хөрөнгө оруулагчдын манай Засгийн газарт үзүүлэх итгэл илт сайжирч байгааг харуулсан зэрэг олон ач холбогдолтой. 

Тус арга хэмжээний хүрээнд 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалсан. Захиалга 3.2 дахин нэмэгдэж ирсэн. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийж чадлаа.

Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израил Улс хамтран Иран улс руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байгаа энэ үед Монгол Улс амжилттай бондоо арилжаалж мөс зүсэв. Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр итгэлтэй байгаагийн тод илрэл юм. 

Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харуулж байна" гэв.