Л.Амар: Гадаадын банк орж ирвэл зардал ихтэй систем дээр ажиллана, зээлийн хүү огцом буурах хүлээлт байхгүй байх

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, банкны салбарын 2025 оны тоймыг танилцууллаа.

Энэ үеэр МБХ-ны ерөнхийлөгч О.Хүрэлбаатар гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны хууль 2023 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна уу, хэрэгжих нөхцөл байхгүй байна уу гэдэгт анхаарал төвлөрүүлэх ёстой. 

Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр дотоодын зах зээлээ хамгаалж үлдэх хэрэгтэй. Нэгт гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны хууль нь өөрийн хөрөнгийн хязгаарлалттай байх зохицуулалттай. Тухайн орж ирэх гэж буй банк нь ойролцоогоор 30 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй эхлэх ёстой. 

Хоёрт дотоодод орж ирээд нэг зээлдэгчид 100 тэрбум төгрөгөөс доошгүй зээл олгосон байх ёстой. Энэ нь үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалттай банк томоохон мега төсөл дээр ажиллаж, зээл өгөх нь. Энэ хоёрын солбицол дээр гадаадаас банк оруулж ирэх асуудлыг нэлээд анхаарууштай авч үзэх ёстой" гэв.

Үргэлжлүүлэн МБХ-ны гүйцэтгэх захирал Л.Амар "Макро эдийн засгийн онолоор бол өрсөлдөөн их байх тусам бүтээгдэхүүний үнэ буурах боломж байдаг. Гадаадын банк орж ирэх нь хэд хэдэн давуу талтай. Гадаадын сайн туршлага, олон улсад үйл ажиллагаа явуулах чадавхаас суралцах гэх мэт.

Монгол Улс гадаадаас эх үүсвэр татахад банкны үнэлгээ нь Засгийн газрын үнэлгээгээр хязгаарлагддаг. Хуучин бол манай арилжааны банкууд улсаасаа өндөр үнэлгээтэй байсан. Тэр тохиолдолд илүү хямд эх үүсвэр татах боломжтой. 

Өнөөдөр 4-5 хувийн хүүтэйгээр эх үүсвэр татаж байгаа. Тэр нь орж ирээд төгрөг болгож хувиргахад нэлээд өндөр зардалтай. Гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх татварын таатай орчныг бүрдүүлж өгвөл тоглогчид ам.доллароос төгрөг болгох зардлыг бууруулж өгөх боломжтой. 

Одоогоор Төв банк гэсэн ганцхан тоглогчтой. Эх үүсвэрийг сүүлд 8 хувь дээр сольж байгаа. Дотоодын хадгаламж 12 хувьтай байна. Гэтэл гадаадаас татагдаж ирж буй ам.доллар болон бондын хүү 14 хувь руу шууд очиж байна. Тэгэхээр дотоодын хадгаламжтай өрсөлдөх боломжгүй. Гадаадын өндөр үнэлгээтэй банк орж ирвэл 3-4 хувь дээр эх үүсвэрээ татаж байвал дотоодын хадгаламжтай өрсөлдөх түвшинд ирнэ. Бусдаар бол Монголын орчинд өрсөлдөнө. 

Төв банкны тавьж буй заавал байлгах нөөц 16-17 хувь дээр оччихсон. Энэ нь хүнээс 1 төгрөг авахад өөр дээрээ 16 төгрөг байлгах шаардлага тавьдаг. Өөрийн хөрөнгийн үзүүлэлт дэлхийд байхгүй нэлээд өндөр хувьтай. Зардал ихтэй систем дээр ажиллана, зээлийн хүү огцом буурах хүлээлт байхгүй байх. 

Давуу талууд бол бий. Гадаадын банк орж ирвэл томоохон уул уурхайн хайгуулын төсөл дээр санхүүжилт үзүүлэх боломжтой гэж харж байгаа" хэмээн мэдээлэл өглөө.