Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрийн ажилтнаас улсын дэд дарга хүртэлх замнал

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад энэ сарын 6-8-нд албан ёсны айлчлал хийнэ. Манай улсад айлчлах гэж буй ноён Хань Жөн ямар замналыг туулж энэ албан тушаалд хүрсэн талаар хятад судлаач, доктор Х.Баатархүүгийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 



2003 онд Шанхай хотын даргаар 49 настай Хань Жөн томилогдсон нь БНХАУ байгуулагдсанаас хойших 50 гаруй жилийн түүхэнд хамгийн залуу дарга байсан тул гадаад дотоодын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсанаас хойш энэ эрхэм БНХАУ-ын нам төрийн дээд удирдлагад тасралтгүй ажилласаар ирлээ.

Шанхай хотын унаган хөвгүүн тэрбээр төрөлх хотынхоо Ли Мин дунд сургуулиа 1975 онд төгсөөд өөрийн саналаараа илгээлт өвөртлөн социалист бүтээн байгуулалтад ажиллахаар зориг шулуудан Шүйхуй дүүргийн хүнд машин механизмын угсралтын бригадын агуулахын ажилтнаар томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Ажилдаа хурдан дадлагажиж удалгүй үйлдвэрийнхээ эвлэлийн үүрийн орлогч дарга болон дэвшсэн байна. Зүүн Хятадын багшийн их сургууль төгсөж үйлдвэрлэлийн салбарт ажиллаж эхэлсэн энэ үед Хятад улс даяар өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын салхи сэвэлзэж орчин үеийн хөгжлийн алтан үе байлаа.

1988 оны аравдугаар сард тухайн үеийн Шанхай хотын дарга Жү Рунжи Да Жунхуа резиний үйлдвэрийн ажилтай танилцах үед үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга 34 настай залууг ихэд үнэлэн түүний ажилд их сайн үнэлгээ өгсөн нь Хань Жөний хувьд улс төрийн замналдаа тод мөр үлдээсэн эхлэл байв. Түүний дараахан 1990 оны эхээр Хань Жөн Шанхай хотын Коммунист залуучуудын эвлэлийн хорооны орлогч даргаар дэвшиж жилийн дараа Шанхай хотын Коммунист залуучуудын эвлэлийн хорооны даргаар томилогдсон нь түүний ажилсаг эрч хүчтэй удирдан зохион байгуулах чадвартай холбоотой. Хотын Коммунист залуучуудын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан түүнд нам төрөөс нэгэн чухал даалгавар өгсөн нь 1992-1994 онд Лүван дүүргийн даргаар ажиллах байв. Тэрбээр богинохон хугацаанд дүүргийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аж үйлдвэрийг ихээр хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын татах зэрэгт гялалзсан амжилт гаргаж чадсан юм. Хотын төвийн нэн чухал дүүрэгт идэвх санаачилгатай ажиллан ард олны нүдэн дээр хөгжил цэцэглэлт авчирч байсан Хань Жөнийг 1995 онд Шанхай хотын орлогч даргаар томилсон нь зүй ёсны үнэлэмж бас шинэ үүрэг даалгавар байсан юм. 1997 оноос Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогчоор хавсран ажиллах болсон тэрбээр шинэ зууны Шанхай хотыг бүтээн байгуулах ажилд гар биечлэн зүтгэж хотын хоёр даргын үед орлогчийг ажлыг нэр төртэй гүйцэтгэн нам төрийн дээд удирдлагын анхаарал сайшаалд өртөж хэдийнээ орон нутгийн шилдэг залуу удирдлагын нэг болсон байв.

зураг
 

2003 оны хоёрдугаар сард ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс Хань Жөнд өндөр итгэл хүлээлгэн Хятад улсын тэргүүлэх том хот болох Шанхай хотын даргаар томилсон нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш мэндэлсэн уг хотын анхны дарга билээ. Эрч хүч дүүрэн залуу үеийн төлөөлөл болсон тэрбээр хотын дэд бүтцийг бүрэн шинэчлэх, орчин үеийн Хятадын санхүүгийн төв болгох, гадаадын томоохон ААН, үйлдвэрийг байгуулах, дэлхийг шинэ техник технологийг нэвтрүүлэх гээд олон чухал үсрэнгүй хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснийг өнөөгийн Шанхай хотын хөгжил цэцэглэлт харуулна. БНХАУ-ын төрийн байгуулалтын онцлогоос шалтгаалж Шанхай хотын дарга бол сайдын зэрэг дэсийн албан тушаал билээ. Хань Жөн 2006 оны зургаадугаар сараас Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж улмаар 2007 оны гуравдугаар сард өнөөгийн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ирж тэд их хотын хөгжил цэцэглэлтийн төлөө гар нийлсэн ажиллаж болжээ. 2008 оны гуравдугаар сард Шанхай хотын даргаар улиран сонгогдож, 2012 он хүртэл ажиллах хугацаандаа хотын бүтээн байгуулалт, өнгө төрхийг шинэлэхэд том амжилт гаргасан цаг үеийг нөхдийн хамт туулжээ. 2012 оны арваннэгдүгээр сард хуралдсан ХКН-ын 18 дугаар их хурлаар Хань Жөн дарга ХКН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүнээр сонгогдож төд удалгүй Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар томилогдож төрөлх хотоо удирдан ажиллах түүний урт зам дахин сунасан билээ. Хань Жөн даргын Хотын намын хорооны удирдлагаар ажилласан таван жилд Шанхай хотын эдийн засаг тогтвортой байж, дэд бүтцийн их бүтээн байгуулалт хийгдэж, ДНБ дунджаар 8%-ийн өсөлттэй байв.

зураг
 

2017 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын 18 дугаар их хурлаас сонгогдсон Төв хорооны 1 дүгээр бүгд хурлаас Хань Жөн Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр сонгогдож нам төрийн дээд удирдлагын цөмд орж ирсэн билээ. БНСУ-ын Пенчан хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпын нээлтэд Ши Жиньпин даргын тусгай элчээр томилогдон оролцсон нам төрийн дээд удирдлагын хувьд анхны том гадаад айлчлал арга хэмжээ байлаа. 2018 оны гуравдугаар сард хуралдсан БХАТИХ-ын дараахан Ерөнхий сайд Ли Кэчяны нэр дэвшүүлснээр Хань Жөнийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор (нэгдүгээр) томилсон нь намын хамт олны итгэл, түүний том хотыг олон жил удирдсан менежмент, эдийн засгийн ажлын туршлагыг харгалзсан томилгоо байв.

2018-2023 онуудад Хань Жөнийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж улс орны эдийн засаг санхүү хөрөнгө оруулалтын салбарын голлох том яамдын ажлын уялдааг хангах, удирдан чиглүүлэх, бодлого боловсруулах зэрэг улс орны уураг тархи, хөдөлгөгч хүч болсон ажлуудыг онцгой сайн хэрэгжүүлсэн билээ.

зураг
 

2023 оны гуравдугаар сарын 10-нд 14 дэх удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаар Хань Жөн БНХАУ-ын дэд даргаар томилогдон улс орноо удирдан чиглүүлэх их үйлсэд зүтгэж байна.

2024 он бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой гэх мэт олон чухал тэмдэглэлт үйл явдлуудыг талууд хамтран тэмдэглэж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчлах гэж байна. Түүний энэхүү айлчлал нь БНХАУ-ын дэд даргын түвшинд Монгол улсад хийгдэж буй 4 дэх айлчлал юм.

Тэрбээр эртний хятадын хөгжмийн сонгодог аялгуу сонсох мөн өөрөө төгөлдөр хуур, баянхуур тоглох дуртай бөгөөд одон бөмбөгийн спортыг ихэд сонирхдог нэгэн билээ.

Холын хүндэт зочин та үзэсгэлэнт сайхан Монгол оронд минь тавтай морилно уу.

 

Хятад судлаач, доктор (Ph.D,) Х.Баатархүү