Уншиж байна ...

Х.Нямбаатар: "Женко"-ийн 17 чингэлэг спиртээс хойших бүх цуврал хэргийг өдөр бүр олон нийтэд сануулна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр замын компаниудын удирдлагуудтай уулзжээ. 

Энэ үеэр сүлийн үед олон нийтийн олон цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй замын хашлага буюу бордюртай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 31 компани Улаанбаатар хотод авто замын засвар шинэчлэлийн ажил хийж байгаа. 

Замын компанийн захирлуудтай нийлж, бордюр идэж, маф ажиллуулж буй гэсэн шүүмжлэл ирж байна. Үүнээс хойш Улаанбаатар хотод авто зам шинэчлэл хийхдээ өжирч муудаагүй бол бордюр солихгүй. Өжирч муудсан хэсгийг солино.

Замаас хуулж буй бордюрыг нэгдүгээр зэрэглэлийн чанартай, хоёрдугаар зэрэглэлийн өжирч муудсан гэж хоёр ангилна. 

Мөн Улаанбаатар хотод дахиж иж бүрэн бордюрын шинэчлэл хийгдэхгүй. Өжирсөн хэсгийг нь шинэчилнэ. Улаанбаатарчууддаа хандаж хэлэхэд 400 гаруй тэрбум төгрөгөөр хотынхоо гол замыг хучиж дуусгах төлөвлөгөө гаргасан. Энэ зорилтыг аравдугаар сард хангаж дуусна. 

Ирэх жил хорооллын дунд замыг шинэчлэхдээ замын компаниудын сайн гэж хураасан бордюрыг ачиж очоод дахин ашиглана. Ирэх жил Улаанбаатар хот төсөв дээрээ дахин шинэ бордюрын мөнгө тавихгүй.

Ардчилсан Намаас бөөн залуу Женкочид нэр дэвшиж байгаа. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг бацаанууд байна. Үүнд мэргэжлийнхэн дуугарах хэрэгтэй. Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантайж хийдэг 20, 30 нөхрийг АН дэвшүүлсэн байсан. 

Тэдэнд та нар өгөөш болно шүү. Залуу Женкочид юу ч хийхгүй. Луйвар, шантайж, улс орны хөгжлийг хэрхэн хойш нь татах уу гэдэг бацаанууд нийлчихсэн НИТХ-д нэр дэвшиж байна.

Би өнөөдрөөс эхэлж Женко руу хандаж өдөр бүр нэг мэдээлэл хийнэ. "Женко"-ийн хийсэн хулгай луйврыг цувралаар олон нийтэд мэдээлнэ.

Хэдэн луйварчин бацааныг юм хийсэн хүмүүсийн өмнө турхирч тавьж байгаа бол мафын толгойлогч "Женко"-ийн 17 чингэлэг спиртээс хойших бүх цуврал хэргийг олон нийтэд сануулж, хууль хяналтын байгууллагад дуудуулах арга хэмжээ авна" хэмээн ярилаа.