ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийнх нь гишүүд хятад хэл сурч байгаа тухай Путин ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Пүрэв гарагт Бээжинд айлчлан очсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын төв мэдээллийн агентлаг Шиньхуад ярилцлага өгчээ.

Энэ үеэр гэр бүлийнхээ талаар ярьсан нь хувийн амьдралаа нийтэд бараг дэлгэдэггүй түүний хувьд ховор үзэгдэл байлаа.

Путин энэ үеэр гэр бүлийнхэн нь Хятад орныг маш их сонирхон судалдаг, зарим нь бүр хятад хэлээр ярьж сурч байгааг ярьжээ.

Тэр бас өөрийгөө Хятадын бие хамгаалах урлагийн талаар “тодорхой хэмжээний мэдлэгтэй”, Хятадын гүн ухааныг хүндэлдэг тухайгаа ярьсан байна.

“Хятадын давтагдашгүй, өвөрмөц соёл уламжлалтай танилцах хүсэл сонирхолтой явдаг” тухайгаа Путин ярьсныг Шиньхуа мэдээлжээ.

Айлчлалын эхний өдрийн төгсгөлд Путин, Ши Жиньпин нар Бээжингийн Зоннанхай цэцэрлэгт зугаалж, хамтдаа цайлсан байна.

Дараа нь тэд салахдаа тэврэлдэж буйг хэвлэлийн албанаас тараасан дүрс бичлэг харуулжээ.

Путин өнөөдөр буюу айлчлалын хоёр дахь өдрөө зүүн хойд Хятадын Харбин хотод зочлох юм.

Энд тэр Хятад-Оросын худалдааны үзэсгэлэн яармагт оролцох ажээ.

ОХУ-тай хил залгадаг Хэйлунжян мужийн төв Харбин нь Оросын соёлын нөлөө нэлээд туссан хот бөгөөд нэг үе “бяцхан Москва” хэмээн нэрлэгддэг байв.

 

Эх сурвалж: BBC