Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн хамгийн баян эмэгтэй уран зургийн үзэсгэлэнгээс өөрийн хөргийг буулгуулах хүсэлт гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Австралийн уугуул иргэдийн төлөөлөл зураач Винсент Наматжирагийн хөрөг зургийн үзэсгэлэн тус улсын нийслэл Канберра хотын Үндэсний Галерейд гуравдугаар сард нээгдсэн юм.

“Australia in Colour” нэртэй уг үзэсгэлэнд олны танил 21 хүний хөрөг зургийг дэлгэн үзүүлжээ. Наматжира нь хүмүүсийн хөргийг нөхөрсөг шог хэлбэрээ урладаг арга барилтай юм байна.

Британийн Хатан хаан асан Элизабет, Америкийн хөгжмийн од Жими Хендрикс, Австралийн ерөнхий сайд асан Скот Моррисон зэрэг олон алдартны хөргийг үзэсгэлэнд тавьжээ.

Тэдний дунд бас Австралийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог уул уурхайн магнат Жина Райнхартын хөрөг байгаа юм байна.

зураг
 

Тэгвэл Райнхартад өөрийнх нь хөрөг таалагдаагүй тул буулгуулахаар Үндэсний Галерейн  удирдлагуудад хандсан тухай Австралийн хэвлэлүүд мэдээлжээ.

Галерейн захиргаа түүний хүсэлтэд татгалзсан байна.

Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ тус галерей “манай үзмэрүүд, бүтээлүүдийн талаар нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөж байгааг харахад таатай байна. Бид бүтээлүүдийг Австралийн олон нийтэд урлагийн талаар мэдлэг боловсрол түгээх, суралцах урам зориг өгөхийн тулд үзүүлдэг билээ” гэжээ.

Зураач Наматжира “Би ертөнцийг өөрийнхөө харж байгаагаар зурдаг. Зарим хүмүүст энэ нь таалагдахгүй байж магадгүй, заримд нь инээдтэй санагдаж магадгүй. Гэхдээ хүмүүс өнгөц талыг нь зөвхөн харах бус, нухацтай нүдээр бас хараасай гэж би хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

Райнхарт нь өөрийн аав Лан Хэнкокын үүсгэн байгуулсан Hancock Prospecting хувийн уул уурхайн компанийн ерөнхийлөгч юм.

Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $30.2 тэрбум гэж тооцоолсон байдаг. Райнхарт тус сэтгүүлээс зарласан Австралийн тэргүүн баячуудын 2024 оны жагсаалтыг тэргүүлж байгаа.

Австралийн Дүрслэх Урлагийн Үндэсний Холбоо энэ маргаантай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

“Райнхарт уран бүтээлийн талаар сэтгэгдлээ илэрхийлэх эрхтэй ч зөвхөн өөртөө таалагдаагүй шалтгаанаар зургийг үзэсгэлэнгээс буулгуулахаар галерейн удирдлагуудыг шахах эрхгүй юм” гэж тус холбооны гүйцэтгэх захирал Пенелоп Бентон мэдэгдсэн байна.

Тэрбээр уг асуудлын хувьд Австралийн Үндэсний Галерейн байр суурийг тууштай дэмжиж байгаагаа мэдэгдээд Райнхартын үйлдэл урлагийн бүтээлд цензур, хориг тавих буруу жишиг тогтоохоос болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: CNN