Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баярмаа: Өмнөх жилүүдтэй харьцуулахад 20,000 иргэнээр илүү шилжилт хөдөлгөөн хийсэн нь "Царцааны нүүдэл"

Б.Манлай
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр болсон Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар тус намаас байгуулагдсан сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл өглөө.

Энэ талаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа "Царцааны нүүдэл"-ийг бид сайн мэддэг болсон. "Царцаа" хэлбэрээ өөрчилж, биетээр бус виртуал ертөнцөд оршдог болсон. Энэ нь хий хаяг үүсгэж, иргэний үнэмлэх олгоод санал өгүүлдэг.

2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Шилжилт хөдөлгөөний талаар хоёр тоо дурдъя.

2020 онд шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нд хаасан юм байна. Энэ хугацааны өмнөх гурван сарын дүнг аваад үзэхээр 2019 оны аравдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл 230,000 хүн шилжсэн байгаа юм. Хөхөө өвлийн хүйтэн хөр цасны жаварт ийм олон хүн шилжээд явсан нь царцаа. Тухайн үед хардаж, уг асуудлыг тавьсан боловч дорвитой хариу авч чадаагүй.

Энэ жилийн хувьд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 29-н хүртэл хугацаанд 70,100 орчим хүн шилжсэн байна. Харин 2023 онд 60,000, 2022 онд 50,000, 2021 онд 50,000 хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Ингэхээр өмнөх сонгуулийн бус гурван жилд дунджаар 54,000 хүн шилжилт хөдөлгөөн хийжээ.

Энэ онд 70,100 орчим хүн шилжилт хөдөлгөөн хийснийг өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 20,000 иргэнээр илүү шилжилт хөдөлгөөн хийсэн нь царцааны нүүдлийг илэрхийлж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Ж.Батсуурь гишүүнээр ахлуулсан сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлтэй холбоотой асуудлаар дэд хороо байгуулагдсан. Уг дэд хороогоор дамжуулж, шилжилт хөдөлгөөний аймаг, нийслэл, хороо, сум, дүүргээр нь нарийвчилсан мэдээллийг авах хүсэлт гаргаж байгаа. Энэхүү нарийвчилсан мэдээллийг үнэн зөвөөр нь авч чадвал царцаа хаашаа нүүгээд байгаа нь тодорхой болно.

АН ганцаараа зүтгээд хүчин мөхөстөж байгаа тул улс төрийн намууд төдийгүй төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх Даваа гарагт 14:00-17:00 цагт "Пума" зочид буудалд нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн.

АН ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг шударгаар явуулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулсан ба эрх баригчдын угсарсан схем, ужгирсан тогтолцоотой тэмцэхэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачилга, хамтын ажиллагаа маш чухал гэж үзэж байна. Иймд сонгууль бүрээр гардаг эрх баригчдын булхай луйвар, хууль бус үйлдлийг хэрхэн арилгах, багасгах арга зам болон хамтын ажиллагааны талаа санал солилцож, шийдэл гаргах нээлттэй хэлэлцүүлэгт урьж байгаагаа хэлье.

Өнөөдрөөс эхлэн пэйж ажиллуулах бөгөөд 77661206 утасны дугаарт сонгуультай холбоотой булхай, зөрчлийн талаар иргэд мэдээллээ өгөх боломжтой" гэж ярилаа.