Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрөгч зургаадугаар сараас хойш хуралдаа. Үүнээс үүдэн иргэний хэрэг, маргаан эцэслэн шийдэгдэхгүй зургаан сар болж байна. Энэ талаар өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнийс” ХХН-ийн захирал, өмгөөлөгч М.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн зургаадугаар сард зарлиг гарган нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Эдгээр шүүгч нар дотор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид байсан. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн, хуулийн байгууллага шалгаж байгаатай холбоотойгоор УДШ-ийн Иргэний хэргийн танхим хуралдахгүй, иргэний хэрэг, маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх боломжгүй болоод байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-2019 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар анхан, давж заалдах болон хяналтын шатны нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн. Энэ процесс өнөөдөр ч үргэлжилж байна.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим найман шүүгчтэй. Үүнээс тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Иргэний хэргийн танхим таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралддаг. Одоо байгаа гурван шүүгч хурал хийх боломжгүй учраас аливаа Иргэний хэргийн танхимын хурал зургаадугаар сараас хойш огт хуралдаагүй байна.
Энэ хооронд Иргэний хэргийн шүүхээр хянагдаж байгаа хэргүүд анхан болон давах шатандаа шийдэгдээд явж байгаа. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан хэргүүд УДШ дээр хуримтлагдаад байна.
-Зургаадугаар сараас хойш нийт хэдэн хэрэг УДШ дээр хуримтлагдаад байгаа юм бол. Таньд мэдээлэл байна уу?
-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 1,100 орчим иргэний хэрэг УДШ-д хуримтлагдаад, шийдэгдэхээ хүлээж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ бол маш их тоо. Үүний цаана маргаан үүсгэсэн 2,000 гаруй талууд байна гэсэн үг. Түүнчлэн хэргийн оролцогч болон мөнгөн дүн, эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэдэг байдлыг авч үзэх хэрэгтэй.
17 шүүгчтэй холбоотой асуудал үүнээс цааш ямар хугацаанд үргэлжлэхийг хэлэх боломжгүй юм. Үүнийг дагаад УДШ-ийн Иргэний хэргийн танхим хэзээ хуралдаж эхлэх нь тодорхойгүй болчихоод байна. Гэтэл үүний цаана шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлэх гэсэн иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөж байна.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн таван шүүгчийн оронд өөр шүүгч томилох, эсвэл өөр танхимын шүүгч нараас тэдний оронд хэрэг, маргаан шийдвэрлэх боломжгүй гэдгийг хуульд заасан байдаг. Энэ хуулийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Өнөөдрийн хууль, эрх зүйн орчны хүрээнд УДШ-ийн өөр бусад танхимын шүүгч нар Иргэний хэргийн танхимын хуралдаанд орох боломжгүй.
Мөн одоогоор УДШ-ийн шүүгчийн орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаагүй байна. Ер нь бол УДШ-ийн шүүгчийн орон тоо гүйцсэн байгаа. Нэр бүхий шүүгчид огцорч, чөлөөлөгдөөгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх захирамж хүчингүй болсноор тэдгээр шүүгчид эргээд ажилдаа орох боломжтой учраас оронд нь өөр шүүгч томилох боломжгүй.
Тиймээс одоо байгаа ганц боломж нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Өөрөөр хэлбэл, өөр танхимын шүүгч Иргэний хэргийн танхимын хуралд орж, шүүгчдийн бүрэлдэхүүнийг тав болгох боломжтой. Түүнээс биш УДШ-ийн шүүгчдийг хооронд нь сэлгэх, өөрчлөх боломжгүй.
Яг ийм саналыг манай зарим өмгөөлөгч гаргаад, хууль тогтоогч нарт хандаад явж байгаа зүйл бий.
-Хуульд өөрчлөлт оруулдаг ч юм уу эсвэл 17 шүүгчийг шалгаад, бүрэн эрхийг нь сэргээсэн тохиолдолд УДШ-д хуримтлагдсан иргэний хэргүүдийг шийдвэрлэнэ. Тэр үед маш олон хэргийн шийдэхдээ хугацаанд баригдан хөнгөн хуумгай хандах вий гэдэг болгоомжлол төрж байна?
-Дээр хэлсэн 1,100 орчим иргэний хэрэг цаашдаа нэмэгдэх нь ойлгомжтой. УДШ-ийн Иргэний хэргийн танхимын шүүгчдийн тоо бүрдээд, хуралдаж эхэллээ гэхэд маш олон тооны хэргийг түргэн шуурхай шийдэх эрсдэл бий. Тухайн маргааныг сайтар хянаж, нягтлахгүй байх эрсдэл үүсч болзошгүй гэдэг хардлага байгаа.
УДШ хуулийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдсэн үү, хууль зөв хэрэглэсэн үү гэдгийг хянадаг чухал байгууллага. Гэхдээ хугацаанд шахагдаад чанаргүй шийдэх вий, иргэдийн эрх ашиг хөндөх вий гэсэн болгоомжлол байгаа юм.
Хэрэг овоорчихсон, хугацаа алдсан гэдэг байдлаар биш хангалттай судлан шинжилсний үндсэн дээр шийдэх ёстой. Ингэж шийдвэр гаргавал иргэдийн хувьд хугацаа алдсанаасаа илүү ашигтай. Яагаад гэвэл УДШ-ийн эцсийн шийдвэрийг гаргадаг учраас.
-УДШ-ийн Иргэний хэргийн танхим долоо хоногт, сард хэдэн хэрэг хянан шийдвэрлэдэг гэдэг судалгаа байдаг уу. Хуримтлагдаад буй 1,100 хэргийг шийдвэрлэхэд хэр хугацаа шаардагдах бол?
-Нарийвчилсан статистик байхгүй. Иргэний танхим долоо хоногт 1-2 удаа хуралддаг. Долоо хоногт 40-50 хэрэг шийдэх боломж бий. Гэтэл одоогийн байдлаар 1,100 хэрэг шийдэгдээгүй байна. Ойролцоогоор тооцвол эдгээр хэргийг зургаан сар орчмын хугацаанд шийдэхээр байгаа.
Энэ асуудал дээр шүүхээс зохицуулалт хийх байх. Тэгэхдээ хөнгөн хуумгай бус няхуур хандана гэж итгэж байгаа.
-Тэгэхээр УДШ дээр байгаа иргэний хэргүүдийг 17 шүүгчийн гэм буруутай эсэхийг тогтоохоос нааш шийдвэрлэх боломжгүй юм байна. Тийм үү?
-Нэр бүхий 17 шүүгч нараас саналаа илэрхийлээд байгаа. Хэтэрхий удаан шалгаж байна, хилс хэрэгт холбогдуулж байна гэдэг болгоомжлолуудыг дурдсан байсан.
Ер нь бүх асуудал хүлээлтийн байдалтай байна. Хэдэн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх юм, хэдийг нь прокурор, шүүхийн шатанд шилжүүлэх юм гэдэг нь тэднийг шалгаж байгаа эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг асуудал.
-Одоо ажлаа хийж байгаа шүүгч нар энэ талаар дуугарсан уу. Эсвэл нийт шүүгчид айдас, болгоомжлолтой болчихоод байна уу. Уг нь энэ асуудалд ШЕЗ анхаарч дуугарах ёстой байх?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад шүүгчийн бүрэн эрхийг шууд түдгэлзүүлж, шалгадаг асуудлаас болоод шүүгч нар айдастай болсон. Үүнийг шүүгч нар ч өөрсдөө болон мэргэжлийн хүрээнийнхэн хэлж байна.
Шүүгч нарыг хэт их болгоомжлолд оруулаад, дуугарч чадахгүй, эрх ашгаа хамгаалж чадахгүй байдалд хүргэсэн тал бий.
ШЕЗ-ийн хувьд шүүгчийн хараат бус байдлын хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага учраас эрх ашгийг нь хамгаалж, санал гаргах зүй ёсны шаардлага бий. ШЕЗ-өөс тодорхой хэмжээний мэдээлэл өгч байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ олон нийтэд мэдэгдсэн зүйл алга. Олон нийт мэдээлэлгүй байгаа болохоор бид ч мэдээлэлгүй байна. Санал гаргаж, албан бичиг явуулж байгаа эсэхийг мэдэхгүй. Өмгөөлөгчийн хувиар хэлэхэд, ШЕЗ энэ асуудалд дуу хоолойгоо илэрхийлэх ёстой гэж бодож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!