Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг гаргаж Стандарт банкны өрийг төлсөн"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Стандарт банканд төлөх 115 сая ам.долларын асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2347755552215886/

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Жаст" группийн захирал Х.Батхүү 2009-2010 онд "Стандарт" банктай зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл удаа дараа нэмж зээл авснаар 160.1 сая ам.долларыг авсан. Үүнийг хугацаандаа төлөөгүй тул Лондонгийн арбитрт хандсан байдаг. 

"Стандарт" банкнаас 86.95 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн.

Манайх энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн хэмжээгээ багасган 51 сая ам.доллар болгосон.

Бид мөн эсэргүүцэн, дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Ингэхэд эхлээд нэхэмжилж буй 51 сая ам.долларыг төлсний дараа дээд шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой гэсэн. Харин тухайн үед бидэнд тэр хэмжээний мөнгийг төлөх боломж байгаагүй.

Мөн үүнтэй зэрэгцэн "Стандарт" банкнаас Английн дээд шүүхэд энэ мөнгийг яаралтай төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэж хандсан байсан.

Гэтэл Английн дээд шүүх 2018 оны долоодугаар сарын 6-нд хуралдаж, "Эрдэнэт" үйлдвэрийн Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийг гаргахгүй байх, Арбитрийн шүүхээр тогтоосон 41.22 сая ам.доллар, хэрэг шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг даруй компанийн дансанд байршуулах, эсвэл нэгдүгээр зэргийн банкинд баталгаа гаргах шийдвэрийг гаргасан.

Нэгэнт энэ бол эцсийн шийдвэр тул үүнийг биелүүлэхгүй байх ямар ч эрхгүй болсон. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Ажлын хэсэг байгуулсан.

"Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан.

Тиймээс эхний ээлжид гадна талд байгаа өр төлбөрөө төлөөд, дараа нь дотооддоо асуудлаа шийдэх буюу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцъё гэсэн.

Өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг ямар нэг хүү байхгүйгээр нэн яаралтай төлөх тохиролцоонд хүрч, энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж "Стандарт" банк руу шилжүүлсэн.

Хуулийн байгууллага, дээд шүүхийнхэн энэ асуудал дээр хөдлөхгүй байсан. Одоо шуурхай ажиллах байх.

Өр төлснөөс болж Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдохгүй

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр шиг өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллагад Эрсдлийн сан байх ёстой учраас бид ном журмынх нь дагуу байгуулсан. Эрдэнэт үйлдвэр болон Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудлыг шийдвэрлэхэд энэ сан тус боллоо. 

Үүнээс болж Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдохгүй.