Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс Олимпын Наадамд анх удаа багийн спортоор оролцох эрх авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Японы Уцуномияд болж буй FIBA 3x3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлажээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан тухай мэдээлсэн байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Орос, Хятад, Румын улсуудын шигшээ багуудтай хамт ирэх оны зун Токиог зорихоор болжээ.

Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Токио 2020 наадамд оролцох эрх авсан эрэгтэй шигшээ багуудад талбайн эзэн Японы багаас гадна Серби, Орос, Хятадын багууд шалгарчээ.

Эрэгтэй, эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр зуны олимпын наадамд оролцох нэмэлт 3, 3 эрхийг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олгох юм байна.

Эрэгтэй шилдэг 20, эмэгтэй шилдэг 20 багууд өрсөлдөх энэ тэмцээний A хэсэгт Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Токио 2020 наадмын эрхийн төлөө тоглох ажээ.

 

3x3 сагсан бөмбөгийн спортын төрлийг Токио 2020 наадмаас эхлэн олимпын хөтөлбөрт оруулах шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо 2017 оны зургаадугаар сарын 9-нд гаргаж байв.

 

Эх сурвалж: FIBA