Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал бүтэн өдөржин хуралдсан.
Хуралдах болсон шалтгаан нь Ц.Энхбаяр даргатай хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн эмч нарын ажлаас халагдах өргөдлийн хуулийн хүрээн дэх 30 хоногийн хугацаа дууссантай холбоотой юм.
Өөрөөр хэлбэл, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн эмч, сувилагчид “Ажлаас халагдах өргөдөл өгсөнөөс хойш 30 хоногийн дараа автоматаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдана” гэж хуулинд заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдөх байсан. Хэрэв ийм зүйл болсон бол хэдэн зуун хүний амь нас гаргуунд гарах нь тодорхой юм.
Иймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал арга хэмжээ авч, эмнэлгийн ажилтнуудтай болон дарга Ц.Энхбаяртай уулзаж, хуралдсан.
Ингээд оройн 17.30 цагийн үед Ц.Энхбаяр даргыг үлдээх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэхээр болсон билээ. Эцсийн дүнд санал хураалтаар ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Нууц санал хураалтад 250 орчим эмч, сувилагч, ажилчид оролцож, Ц.Энхбаяр даргыг ажлаас халах хүсэлтийг 100 хувь дэмжжээ. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргаараа түр ажиллах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!