Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн эмч, ажилтнууд гурван хоногийн дараа ажил хаяна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ГССҮТ-д шинээр томилогдсон Ц.Энхбаяр даргыг эсэргүүцэн тус эмнэлгийн 184 эмч, ажилчид өнгөрсөн сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтад тухайн ажилтан өргөдөл өгсөнөөс хойш 30 хоногийн дараа ажлаа орхих эрхтэй гэж заасан байдаг.

ГССҮТ-ийн эмч нарын хувьд энэ хугацаа нь гурван хоногийн дараа дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, 91 эмч, 92 сувилагч энэ сарын 30-нд хүссэн хүсээгүй ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн үг.

Тиймээс МҮЭХ болон Эрүүл мэндийн ажилтаны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд “тус эмнэлэгт үүсээд байгаа асуудлын талаар харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудалд хандах бодлогыг ҮЭ-ийн байгууллага баримталж ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ сонсдог, асуудаг механизмаа хэрэгжүүлж, тус эмнэлгийн эмч, ажиллагсадтай нэн даруй уулзан үүссэн нөхцөл байдлын талаар  үнэн зөв, бодит мэдээллийг авч, асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Х.Амгаланбаатар: Эмч нарын асуудлыг Засгийн газрын хүрээнд авч хэлэлцэхийг шаардахаас аргагүй байдалд байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвалын шийдвэр өөрчлөгдөхгүй бол дээрх нэр бүхий 184 ажилтан нэгэн зэрэг ажлын байраа орхихоос өөр арга байхгүй. Энэ тохиолдолд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд доголдол, хүндрэл гарах өндөр эрсдэлтэй.

Үүнээс болж ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол гарахгүй гэх баталгаа байхгүй. Эцсийн дүнд энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх юм гэж байлаа.

Одоогийн байдлаар удирдлагын зүгээс нарийн мэргэжилийн гурван эмчийг ажлаас халсан бөгөөд өнөөдөр тэдний хийдэг мэс засал, эмчилгээ үйлчилгээ доголдож, орлох эмч байхгүй байгааг ч хэлсэн.

Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хүрээнд авч хэлэлцэхийг шаардахаас өөр арга алга гэж МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар мэдээллээ.

III төв эмнэлгийн үйлдвэрчиний эвлэлийн холбоон дарга С.Туяагаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Зарим эмч нар ажлаас халагдах өргөдлөө татсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Огтхон ч тийм зүйл болоогүй.

-Удирдлагын зүгээс яг хэчнээн хүн халчихаад байна вэ?

-Нийт найман хүн халсаны гурав нь яг нарийн мэргэжилийн мэс засал гардаж хийдэг эмч нар байсан. Үүнээс болоод гурван тасагт эмчилгээ үйлчилгээ хийхэд шийдвэр гаргах эмчгүйгээс төвөгтэй байдал үүсээд байна.

-Хуульд заасан 30 хоног дууссаны дараа эмч нар ажлаа хаях уу?

-Бидний хөндсөн асуудлыг шийвдэрлэж өгөхгүй бол хаяхаас өөр аргагүй.