Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар 0-5 насны 59 хүүхэд Улаанбурханаар нас баржээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэнд, Спортын Яам, ХӨСҮТ, НЭМГ зэрэг холбогдох байгууллагуудаас тархалт нь нэмэгдээд буй Улаанбурхан халдварт өвчний талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

"Статистикийн мэдээнээс харахад оны эхний улиралд 0-5 насны 491 хүүхэд нас барснаас 59 хүүхэд Улаанбурхан өвчний улмаас нас барсан" тухай ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээллэв. 

Дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн мэдээгээр улаанбурхан өвчний улмаас нийт 340 хүүхэд, том хүн хэвтэн эмчлүүлж байна.  
 
Гэрэл зургийг mpa.mn

Уг мэдээллийн үеэр Ч.Амартүвшин гэдэг залуу "С.Ламбаа дарга аа та ХӨСҮТ-д очиж бодит байдалтай танилцаж болдоггүй юм уу" хэмээн асуув. Түүний эгчийн таван сартай хүүхэд Улаанбурхан өвчин тусаад нас барсан аж. Тэрбээр "Эд нар бодит байдлыг, нас барсан хүүхдийн тоог зориудаар дарж байна. Өчигдөр /дөрөвдүгээр сарын 14-нд/ л гэхэд гурван хүүхэд нас барсан. Би өөрөө тэнд байсан болохоор сайн мэдэж байна. Хүүхэд нь эндсэн аав, ээжүүд яаж уйлж, гашуудаж байсныг би харсан. Эмч нар, сайд дарга нар бодит байдлыг ард түмнээс нууж байна шүү дээ" гэсэн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт Улаанбурхан туссан 22 хүүхэд эмчлүүлж байгаагийн хоёр нь амьсгал дэмжих аппарат хэрэглэж байна. Бусдад нь одоохондоо аппарат ашиглах шаардлагагүй гэж үзэж байгаа.

Гадуур мэдээлээд байгаа шиг аппарат хүрэлцээгүй, оргүйн улмаас хэвтэн эмчлүүлээгүй хүүхэд нас барсан тохиолдол байхгүй. Өнөөдрийн байдлаар манай тасагт дөрвөн ширхэг амьсгалын аппарат байгаа. 

Улаанбурхан өвчний вакциныг есөн сар хүрсэн хүүхдэд хийдэг. Тиймээс 0-8 сар хүртэлх вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвчилж, нас барах тохиолдол хамгийн их байна” гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Халдварт өвчний үүсгэгч нь өвөрмөц байдлаар хувьсаж байдаг. Энэ удаагийн дэгдэлтийн хамгийн гол хүндрэл нь вирус үүсгэгчийн өвөрмөц байдал нөлөөлж байгааг Ц.Чинбаяр эмч өгүүлсэн. 

Үүний жишээ нь улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал маш богино хугацаанд хүндэрч байгаа. Өнөөдөр рентгэнд харуулахад уушиг нь зүгээр байсан хүүхэд маргааш гэхэд маш хүнд хатгаатай, өмнөх өдрийн рентгэн зурагтай нь харьцуулахад хоёр өөр хүний уушиг шиг харагдахаар болсон жишээ олон байгаа аж. 

Улаанбурханы үүсгэгчийн эсрэг вирусыг устгадаг эм, бэлдмэл байдаггүй нь тархалт огцом өсөж байгаад нөлөөлдөг байна. 

“Бидний хүчин чадалд дийлдэхгүйгээр, үзүүлж буй тусламж үйлчилгээнээс маань давсан тохиолдол гараад байгаа. Ийм тохиолдлуудад бид үнэхээр их харамсаж байгаа. Ийм зүйл гарах ёстой гэж хэлж байгаа юм биш. Өвчнийг эмчлэхэд биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл гэж байдаг юм гэдгийг хэлмээр байна” гэсэн мэдээллийг Ц.Чинбаяр эмч хэлсэн юм. 

Энэ үеэр дуучин Нара “Би дөнгөж сая ХӨСҮТ-өөс ирлээ. Өчигдөр гурван хүүхэд нас барсан гэж үнэн үү” гэж асуув. Тэрбээр мэдээлэл хийж буй ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад Улаанбурхан өвчний талаар тодорхой мэдээлэл хүссэн албан бичгээ өгөв. Ингэхдээ хариуг нь заавал албан бичгээр авахаа ч сануулсан. 

 

Нарагийн асуултад Ц.Чинбаяр эмч “Өчигдөр хүүхэд нас бараагүй. Харин дөрөвдүгээр сарын 13-нд хоёр хүүхэд нас барсан” гэлээ. 

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ 

Манай улсад улаанбурхан өвчнөөс сэргийлэх тарилгыг хүүхдийн есөн сартайд хийдэг. Харин дэлхий нийтэд 12 сартайгаас хийдэг байна. Манай улс өөрийн улсын онцлог, цаг уурын нөхцөл байдал, өвчлөлийн шалтгаан зэргийг үндэслэн хүүхдийн насыг урагшлуулж харьцангуй эрт улаанбурханы вакцинд хамруулдаг. Үүнээс эрт вакцинд хамруулах боломж одоогоор байхгүй юм байна. 

Харин урьдчилан сэргийлэх зорилгоор ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 2015 оны тавдугаар сард зургаан сартайгаас зургаа хүртлэх насны хүүхдүүдийг вакцинжуулжээ. 

Хүүхэд тээх насны эмэгтэйчүүд дархлаа сайтай байвал хүүхэд нь төрөөд зургаан сар хүртлээ өвдөхгүй байх боломжтой байдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа онцолсон. 

Вакцинд хамрагдаагүй буюу 0-8 сартай хүүхдийг улаанбурхан өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд эцэг эхчүүд анхаарал хүүхдийн дархлааг сэргээх, ханиад томуу хүргэхгүй, гадуур явуулахгүй байх зэргийг анхаарах ёстой байна.  

Улаанбурхан өвчний тархалт дэлхий даяар маш цөөн бүртгэгдэж байгаад өнгөрсөн онд БНХАУ-д дэгдсэнээс хойш сар гаруйн дараа манай улсад орж ирсэн байна. Гэхдээ энэ өвчин гаднаас орж ирсэн гэхээсээ илүүтэй бид өөрсдөөсөө учир шалтгааныг нь хайх ёстой ч байж болох. Учир нь сүүлийн үед эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллох нь багассан учир хүүхдийн дархлаа сулраад байгаа. Тиймээс дархлаа султай хүүхэд халдварт өвчнөөр өвчлөх нь түгээмэл байгаа аж. 

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэсэн хүүхэд энэ өвчнөөр өвчилж ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ирсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

Уг өвчний тархалт газар авсан учир хөл хорио тогтоож болохгүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад албаны хүн "Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг. Доод тал нь 21 хоног далд байдаг учир удаан хугацаанд хөл хорио тогтоох боломжгүй" гэсэн хариу өгөв.