УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан өмнөх Засгийн газрын тэргүүн шадар сайд Л.Гантөмөр шинэ Ерөнхий сайдаас юу хүсэж буй талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Шинэ томилогдох Ерөнхий сайдын манлайллаас их зүйл шалтгаална. Ерөнхий сайд гэхээр аж ахуйн албаны дарга биш. Энэ хүний манлайлал Монголын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн зөв тийшээ авч явах вэ гэдгээс харагдана. Парламентын засаглалыг илүү төгөлдөржүүлэх ажлыг энэ хүн хийх ёстой.
Хоёрдугаарт шударга ёс тогтоох ёстой. Дунд шатны давхардсан бүтцийг арилгаж, төрийн албыг чадварлаг, цомхон болгох тал дээр онцгой алхам шаардлагатай. Гуравдугаарт энэ их хавтгайрсан халамжуудыг хэрхэн хумих тухай маш тодорхой бодлого хэрэгтэй.
Дөрөвдүгээрт дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан Нам албан ёсоор Монгол оронд хэрэгтэй асуудлуудыг шаардаж, тулгаж ажиллах үүрэгтэй.
Ардчилсан Намаас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын "арьсыг өвчинө". Яагаад гэвэл төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс Засгийн газраас томилогдсон. Тэд нарыг авч хаячхаад дур зоргоороо уудаг, иддэг, тараадаг амьдрал руугаа шилжвэл бид өршөөхгүй. Бид ирэх жил төрийн албыг 9 хувиар, төрийн өмчит компанийг 15 хувиар бууруулна гэсэн. Энэ төлөвлөгөөг нэхнэ" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!