Улаан бурхан өвчний тархалт их байгаатай холбоотойгоор "Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч бүх насны иргэд болоод төр засгийнханд дараах зөвлөгөөг өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Түүний бичсэн зөвлөгөөг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Болдсайхан:
"Залуу насаа улаан бурхантай хүүхэд эмчлэхэд багагүй үрснийх хэдэн хүүхдэд ч болтугай тус болж мэднэ гээд хэдэн юм бичье.
Улаан бурхан бол хүний түүхэн дэх хамгийн аюулт тахлын нэг мөн. Энэ өвчин агаар дусал, биеийн шингэн, гар, ахуйгаар ч дамжина.
Нийт хүн амын 70-90 хувийг ч өвчлүүлж чаддаг их төлөв хүүхэд өвдөнө. Гэхдээ зургаан сараас хойш, ялангуяа 9-12 сараас хойш эхийн дархлаагаар дамжуулан хамгаалах антибоди дууссанаас хойш энэ өвчнөөр өвчилдөг. Тийм учир вакциныг 9-12 сараас хойш мөн 4-6 насанд давтан хийдэг. Хожуу ч гурав дахь давталт хийх нь бас бий.
Халууралт 6-10 хоног үргэлжлээд эдгэрч эхэлнэ. Халуун бууна, хөнгөн ба хөнгөвтөр хэлбэр нь гайгүй. Гэрээр сайн унтуулж, юм уулгаж, витамин өгч, халуун буулгах ибупрофен зэрэг эм өгч, хөнгөн шингэн хооллоно.
Хүндрэл гарвал эмнэлэгт хэвтсэн нь дээр. Улаан бурхны вирусийн хатгаа гол хүндрэл нь үхлийн хувь өндөр. Мөн гүйлгэнэ, чих, нүдний эвэрлэг үрэвсэнэ тархинд үрэвсэл, нүд сохрох зэрэг хүндрэл ч бас гардаг. Дотор эрхтэн гэдэс үрэвсэж гүйлгэх хүндрэл нэлээн түгээмэл тул шингэн сайн өгөх шаардлагатай. Бага насанд ихэнх тохиолдолд харьцангуй хөнгөвтөр тусдаг ч вирусийн хатгаа болох, хоёр дахь бактерийн хатгаагаар хүндэрвэл хэцүү. Харин 18 наснаас хойно өвдвөл хүндрэл гарах нь элбэг. Маш сайн хянаж эмчлэх шаардлагатай. Энэ насныхныг тахлын үед дахин вакцинжуулж болно.
Хөнгөн ба хүндрэл гараагүй бол заавал эмнэлэгт хэвтэхгүй гэрээр эмчилж, эмчийн хяналтанд байх. Хөнгөн өвдсөн, хүндрэлгүй байхад нь халуурахаас нь айгаад эмнэлэгт хэвтвэл олон хүүхдийн халдвар харилцан солилцох, хүндрэх эрсдэл ихсэнэ. Мөн хүүхэд, ээж нь ч гэсэн гэр, хоол, орноосоо холдож олон өвчтэй хүүхэд дунд бие сэтгэл улам хямарч хүндэрч, удаан өвддөг.
Энэ вирусийг устгах эм хаана ч байхгүй, мөд бий болох ч үгүй байх. Тэгэхээр хүүхдээ аль болох эрүүл чийрэг сэргэлэн цовоо өсгөх нь зөв.
Улаан бурхан өвчнөөр жаахан ядарсан, ойрмог ханиад хүрсэн, нойр хоол зохистой биш, цус бага, рахит тураал суурь өвчтэй, вакцин хийлгээгүй нь өвдөнө" гэжээ.