Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

SOS!!! Ч.САЙХАНБИЛЭГ УЛААН БУРХАН “ТУСЧЭЭ”

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ЕРДӨӨ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ УЛС УЛААН БУРХАНГҮЙ УЛС ГЭДГЭЭ ЗАРЛАЖ БАЙВ

Хэдэн сарын турш сайдгүй яваа Эрүүл мэндийн салбар Монгол Улсад утгаараа дампуурч байгааг 2016 оны эхний улирлын статистик мэдээлэл баталлаа. 

Учир нь 2016 оны эхний гурван сарын байдлаар нялхсын эндэгдэл 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар өссөн байна. Мөн тав хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна.

Зөвхөн гуравдугаар сард л гэхэд нялхсын эндэгдэл 183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 хүүхэд буюу 67.9 хувиар, тав хүртэлх насандаа 204 хүүхэд эндэж, 79 хүүхэд буюу 63.2 хувиар өсчээ.

Эндсэн хүүхэд, жил бүрийн эхний улирлын байдлаар, 

 

Чухам ямар шалтгаанаар нялхсын эндэгдэл ийнхүү нэмэгдэж байгааг анхаарвал улсын хэмжээнд халдварт өвчин тэр дундаа улаан бурхан өвчний гаралт эрс нэмэгдсэнтэй холбоотой байх магадлалтай юм. 

Тодруулбал, Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний улиралд 25,355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16,247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэхэд:

  • вирүст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар, 
  • тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар, 
  • гонококкт халдвараар өвчлөгчид 272 хүн буюу 19.6 хувиар, 
  • сүрьеэгээр өвчлөгчид 136 хүн буюу 11.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 15,540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн гэжээ. 

10,000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчид, жил бүрийн эхний улирлын байдлаар,

Хэдийгээр өнгөрсөн сарын 16-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улаан бурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэн 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болгосон ч багачуудад чиглэсэн ямар нэгэн шуурхай арга хэмжээ авч чадахгүй байсаар байна. 

Яам нь эзэнгүй ч энэ улсад чинь Ерөнхий сайд нь байж шуурхай нөхцөлд байдалд ялангуяа багачуудын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд УЛС ОРОН ДАЯАРАА АНХААРЛАА хандуулж ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭ авах цаг болсныг энд хүүхдийн тоо гэрчлэх мэт. 

Олон хүүхэд эндчихээд байхад босоо, хэвтээ Ганбаагийн тухай хэрүүл хийгээд явж байдаг ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙ САЙД НЬ, МОНГОЛЫН УЛСТӨР тэр чигтээ улаан бурхантсан мэт!

 

Статистик мэдээллийн эх сурвалж: УБСЕГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.