Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Өвчлөлийн насны хувьд 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг 0-8 сартай буюу вакцинд тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Мөн тэрээр хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн гал түймэр гарах болсон талаар мэдээлэл хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Өнөөдрийн байдлаар 4 аймгийн 9 сум болон Богд ууланд нийтдээ 11 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна.
Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.