Сүүлийн үед "Монголын Оюун Ухааны Академи" гэдэг газрыг мэдэхгүй хүмүүс цөөхөн болсон. Яагаад гэвэл "Оюуны спорт"-оор хичээллэсэн хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш, Дэлхийд гайхан бишрэх болсон учраас тэр байх.
Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болсон 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны "Super Brain" шоуны ялагч Оюун Ухааны Академийн тамирчин Э.Энхмөнхтэй ярилцлаа.
Тэрбээр хоёр жилийн өмнөөс "Монголын Оюун Ухааны Академи"-д суралцаж эхэлсэн бөгөөд эдүгээ хамгийн залуу олон улсын их мастер цолтой хоёр тамирчны нэг болж чадсан.
- Таныг Оюун Ухааны тамирчин гэхээс өөр зүйлийг бид сайн мэдэхгүй. Хаана сурдаг, хэдэн настай вэ?
- Юуны өмнө намайг сонгож, надтай ярилцаж байгаад баярлалаа.
Намайг Э.Энхмөнх гэдэг. 17 настай. БСШУЯ-ы харьяа лаборатори 23 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч.
- Анх оюуны спортоор хичээллэж байхад хэцүү байсан уу?
- Яг үнэндээ анх ой тогтоолтоор хичээллэж байхдаа би ч чадахгүй юм байна гэж бодох үе байсан. Яагаад гэвэл, 52 хөзрийг хамгийн удаандаа таван минутын дотор чээжлэх ёстой ч би чээжилж чаддаггүй, эсвэл чээжиллээ гэж бодсон ч бүрэн гүйцэд санадаггүй байсан учраас тэр.
- Энэ хэцүү үеэ хэрхэн давсан бэ?
- Тухайн үед багш "Чи хийж чадна. Чи энэ чадлаараа хичээгээд бай. Чамайг хийж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлж байсан. Энэ үг миний өөртөө итгэх итгэлийг улам төрүүлж, эрч хүчтэй болгосон гэх үү дээ.
"Super Brain" телевизийн шоунд Хятадын шилдгийг ялсан Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Э.Энхмөнхийн сурталчилгааны видео
- Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Өглөө 08:00 цагт хичээл эхэлдэг. Хичээл дуусаад, гэр рүүгээ харьдаг. Мэдээж хааяа нэг найзуудтайгаа кофе шопп орох, дэлгүүр хэсдэг. Бусад хүүхдүүдийн адил нэг өдөр өнгөрдөг.
Удахгүй төгсөлтийн шалгалтууд эхлэх учраас хичээлээ илүү сайн хийнэ дээ.
- Өдөр бүр бэлтгэл хийдэг үү?
- Ер нь бол тэмцээн ойртсон буюу 1-2 сарын өмнөөс эхлэн ЭРЧИМТЭЙ бэлтгэл эхэлдэг. Харин тэмцээн байхгүй үед өдөр бүр 5 минутаас 3 цаг хүртэл хугацааг бэлтгэлдээ зориулдаг.
- Та хэдэн хэлээр ярьж чадах вэ?
- Миний хувьд Англи, Солонгос хэлээр ярьж чадна. Би багадаа Солонгост зургаан жил сурч байсан.
Энэ жилийн зуны амралтаар Орос, Хятад хэлийг бие даан суралцах төлөвлөгөөтэй байна.
- Тэмцээний бэлтгэл, амралт гээд хэл сурч амжих уу?
- Мэдээж амжина шүү дээ.
- Та "Сэтгэл зүйч" болохыг хүсдэг байсан. Яагаад бизнесийн чиглэлээр суралцахаар шийдсэн юм бэ?
- Би багадаа хүмүүстэй ярилцах дуртай хүүхэд байсан. Тиймээс ч сэтгэл зүйч болно гэж хүсдэг байсан. Гэхдээ Монголд маань энэ мэргэжлийн орон зай дутмаг, бас тийм ч сайн ярилцаж чаддаггүй болохоор өөр мэргэжлээр сурахаар шийдсэн.
- Өдөрт хэдэн цаг унтдаг вэ?
- Өдөрт зургаан цаг унтдаг. Гэхдээ удахгүй шалгалтууд эхлэх учир орой 11:00 цагт унтаад, өглөө 04:00 цаг орчимд сэрдэг болно. Яагаад гэвэл унтах цагтаа хичээлээ хийх эсвэл бэлтгэлээ хийсэн нь дээр гэж боддог учраас тэр.
- Хамгийн дуртай үг?
- Брюс Лигийн хэлсэн “Би амьдралыг амархан байгаасай гэж хүсэхгүй байна. Зөвхөн хэцүү байх үед маань даван туулах эрч хүчийг өгөөч” гэдэг үгэнд их дуртай.
Тиймээс ч аливаа зүйлийн амархныг хүсэх биш, хэцүүг нь даван туулж чадвал хэн ч гэсэн амжилтад хүрч чадна гэж боддог шүү.
- Хэр их ном уншдаг вэ?
- Хааяа л уншдаг. Номыг их голж уншдаг. Яг одоо бол "Наймааны одтон болох аргууд" гэсэн номыг уншиж байна.
Унших номоо сонгохдоо хамгийн ард бичигдсэн тэмдэглэл, өмнөх үгийг уншаад дараа нь нэг гүйлгэж хардаг. Ерөнхийдөө адал явдалтай, харилцааны ур чадвар буюу тархийг хэрхэн угаах вэ гэсэн сэдэвтэй номуудыг унших дуртай.
- Таны хувьд олон улсын тэмцээнд шагнал авах үедээ "Монголын тамирчин" гэж дуудуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?
- Үнэхээр гоё санагддаг. Түүнчлэн "Монгол" гэсэн нэрийг дэлхийд таниулж, өндөрт гаргаж байгаадаа их баяртай байдаг.
- Ингэхэд Оюуны спорттой танилцахаас өмнөх Э.Энхмөнх ямар хүүхэд байсан бэ?
- Би ЭНГИЙН нэг СУРАГЧ байсан. Ерөнхийдөө гэр сургууль гэсэн амьдралын хэв маягтай.
- Тэгвэл Оюуны спортоор хичээллээд таны амьдрал өөрчлөгдсөн үү?
- Тэмцээнд ороод цол, медаль авч эхэлснээс хойш олны нүдэнд өртдөг сурагч болсон. Үүнээс гадна соёлтой, боловсон, тамирчин Э.Энхмөнх болсон доо. Ер нь миний хувьд бусдаас ялгараад байх зүйл байхгүй. Зүгээр л жаахан хичээж зүтгэсэн сурагч шүү дээ.
/"Super Brain" телевизийн шоунд Хятадын шилдгийг ялж буй бичлэг/
- Оюуны спортоор хичээллэх сайн, муу тал нь юу вэ?
- Оюуны спортоор хичээллэхэд МУУ тал гэж үгүй. Харин ч сайн талыг нь нэрлээд дуусахгүй. Тухайлбал, тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, аливааг өөр түвшинд харж, сэтгэж, боддог болно. Энэ нь бодит байдал дээр үг хурдан цээжлэх, үелэх системийг хурдан тогтоох гэх мэт нөлөөтэйгөөс гадна сурлагын дүн сайжирдаг.
- Та өнөөдрийн үйл явдлыг олон жилийн дараа санаж чадах уу?
-Би санах хэрэгтэй, шаардлагатай гэж үзээд чээжилсэн үйл явдлыг цаг, минутаар нь санаж чадна.
- Хүмүүс танаас "Хэрхэн амархан бодож, чээжилж сурах вэ" гэсэн асуултуудыг асуудаг байх. Та юу гэж хариулдаг вэ?
- Миний хувьд тамирчин учраас энэ асуултад хариулахад хэцүү. Мэдээж оюуны спортын тамирчин болохын тулд урт хугацааны бэлтгэл шаардагддаг. Яагаад гэвэл ойн тогтоолтын 10 төрлийг эзэмшиж, тэмцээнд оролцох ёстой учраас тэр. Гол нь дэс дараалалтай сурахаас гадна үнэхээр сурах хүсэлтэй байх нь чухал.
- Оюуны спортоор хичээллэх гэж буй хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?
- Эхлээд ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ. Дараа нь ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭ. Үнэхээр сурахыг хүсч байгаа бол хичээллэх тусам амжилтад хүрнэ.
- 2020 оны Э.Энхмөнх ямар байх бол?
- Дээд сургуулийн улаан дипломтой, алтан медальтай, ажлын байранд гарахад бэлтгэгдсэн боловсон хүчин болчихсон байх гэж мөрөөдөж байна.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсье.
- Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|