Хантавирусийн дэгдэлт “дараагийн Ковид” биш болохыг ДЭМБ мэдэгджээ
Зорчигчдынх нь дунд хантавирусийн халдвар дэгдсэн круйз аяллын хөлөг онгоц өнөөдөр буюу Ням гарагт Испанийн Канарын арлуудын нэг Тенериф аралд ирэх гэж байгаа.
Энэ үйл явдлыг угтуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн тус арлын оршин суугчдыг тайтгаруулах зорилготой мэдэгдэл гаргажээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус “энэ бол бас нэг Ковид биш” гэж мэдэгдээд MV Hondius хөлөг дээр одоогоор халдварын шинж тэмдэгтэй зорчигч байхгүй байгааг баталсан байна.
Улаанбаатарын цагаар өнөөдрийн 15:00 цагийн орчимд 150 орчим зорчигчтой MV Hondius хөлөг Тенериф арлын боомтод зангуугаа буулгах төлөвтэй байгаа.
Нидерландад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг тус хөлөг Аргентины өмнөд эргээс Атлантын далайн төвд оршдог Кабо Верде арал улс хүртэл аялал зохион байгуулж байх үед хантавирусийн халдвар дэгдсэн юм.
Хөлгийн зургаан зорчигчоос вирусийн халдвар илэрсний дотор аяллын үеэр нас барсан гурван хүний нэг байжээ.
Хантавирус мэрэгч амьтдаас хүнд халдварладаг. Харин энэ вирусийн Андын хувилбарын дэгдэлтийн үеэр хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Аргентины эргээс хөдөлсөн MV Hondius хөлөг дээр тархсан вирус энэ хувилбарынх болох нь тогтоогдсон.
Тенериф арал нь хантавирусийн халдвар тархалтын эсрэг мэргэжлийн хариу арга хэмжээ авах чадвартай хамгийн ойрын цэг тул хөлөг Кабо Верде улсаас энэ аралд ирж байгаа юм.
Арлын захиргаа хөлгийг хүлээж авахаас татгалзаж байсан ч Испанийн төв засгийн газрын шийдвэрийг дагахаар болоод байгаа.
“Та бүхний санаа зовж байгааг би ойлгож байна. 2020 оны шарх одоо ч эдгээгүй байгааг ойлгож байна. Гэхдээ та бүхэн намайг сайн сонсоорой: энэ бол өөр нэг Ковид биш. Хантавирусийн улмаас тулгарч буй нийтийн эрүүл мэндийн эрсдэл бага хэвээр байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тенериф арлын оршин суугчдад хандаж гаргасан мэдэгдэлдээ өгүүлжээ.
Одоо MV Hondius хөлөг дээр ДЭМБ-ын мэргэжилтэн Фредда Банза-Мутока байгааг тэр нэмж мэдээлсэн байна.
Доктор Гебрейесус өөрөө үйл ажиллагааг биечлэн ажиглахаар өнөөдөр Тенерифт ирэх ажээ.
Хөлгөөс нүүлгэн шилжүүлсэн зорчигчдыг арлын оршин суугчидтай ойртуулалгүй бүрэн тусгаарлаж, тус тусын эх оронд нь хүргэх нисэх онгоцнуудад шууд суулгах юм байна.
Их Британи, АНУ, Франц, Герман, Бельги, Ирландаас иргэдээ авах онгоц ирэх бол Европын Холбоо бусад Европын орнуудын иргэдэд зориулан хоёр онгоц нэмж илгээхээр болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
