Украины дайн дуусах дөхөж буйг Ялалтын баярын өдөр Путин хэлэв
Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын арга хэмжээ Бямба гарагт Москва хотод сүр дуулиан багатай болж өнгөрлөө.
Сүүлийн саруудад Украины агаарын цохилт эрчимжсэний улмаас энэ жилийн цэргийн жагсаалд зэвсэг, техник оролцуулаагүй бөгөөд харьцангуй богино хугацаанд буюу ердөө 45 минут үргэлжилсэн юм.
Арга хэмжээнд Беларусь, Казахстан, Узбекистан, Лаос, Малайзын төр засгийн тэргүүнүүд оролцсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөхөнд тооцогдож байна.
Энэ үеэр Умард Солонгосын цэргүүд анх удаа жагссан нь арга хэмжээний гол сонин мэдээ байлаа.
Жагсаалыг нээж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Ялагчдын үеийнхний байгуулсан аугаа гавьяа өнөөдөр цэргийн тусгай ажиллагааны зорилгыг биелүүлж буй дайчдад урам зориг өгч байна” гэж Украинд явуулж буй дайнаа зөвтгөсөн юм.
Тэр бас энэ дайнд НАТО-г буруутгасан байна.
“Манай цэргүүд НАТО-гийн бүхэл бүтэн эвслийн зэвсэглэж, дэмжсэн түрэмгий хүчинтэй тулалдаж байна. Гэсэн хэдий ч баатрууд маань урагшилсаар байна. Бидний зорилго зөв гэдэгт би бат итгэдэг” гэж Путин хэлжээ.
Жагсаалын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Украинд үзүүлж буй Өрнөдийн тусламж асуудлыг улам хүндрүүлж буй эсэх талаар асуултад Путин “Тэд мөргөлдөөнийг улам хурцатгаж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна. Энэ мөргөлдөөн дуусах цаг ойртсон гэж би бодож байна. Гэхдээ ноцтой асуудлууд хэвээр байна. Тэд Орос улс хүнд ялагдал хүлээхийг, улс төрийн тогтолцоо нь нуран унахыг хэдэн сар хүлээсэн. Энэ нь бүтсэнгүй. Тиймээс тэд энэ суусан шавраасаа гарч чадахгүй байна” гэж хариулсан юм.
Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайтагч талуудын хооронд гурван өдөр гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарлаж байв.
Өчигдөр талууд харилцан нэг нэгнээ уг тохиролцоог зөрчсөнд буруутгаж байсан ч том хэмжээний цохилт бүртгэгдээгүй байна.
“Энэ нь маш удаан үргэлжилсэн цуст дайны төгсгөлийн эхлэл болно гэдэгт найдаж байна” гэж Трамп сошиал хуудсандаа гал зогсоох тохиролцооны талаар бичиж байв.
Харин Кремлийн хэвлэлийн алба уг тохиролцооны хугацааг цааш сунгах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.
Гал зогсох хугацаанд талууд тус бүр 1,000 олзны цэрэг солилцохоор болсныг Трамп мэдээлсэн. Гэхдээ өчигдрийн байдлаар Оросын эрх баригчид Украинаас энэ талаар ямар нэг санал хүлээж аваагүй байгааг баталжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
