Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталсан.
Хөтөлбөрийг Ногоон тэжээл үйлдвэрлэлд бэлчээрийн шинэ менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Малчид фермерүүдийн хоршоодыг байгуулах, Хөтөлбөр хэрэгжих газарт загвар аж ахуй болон сургалтын төвийг цогцоор байгуулж ажиллуулах, “Техник дундын үйлчилгээний төв”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотоос баруун хойш 70 км зайд орших Нарийны хөндий дахь Мухарын ам, нийслэлээс зүүн хойшоо 45 км зайд орших Улиастайн аман дахь Баянголын ам гэсэн хоёр байршилд хэрэгжих бөгөөд 2015-2020 он хүртэл үргэжлэх юм.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/190 дүгээр захирамж гаргаж, “Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг зохион байгуулах Удирдах хороо болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус баталлаа.
Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!