Унгарын шинэ ерөнхий сайд тангараг өргөж, Орбаны 16 жилийн засаглалд цэг тавив

С.Мөнхцэцэг, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Унгар улсын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр тангараг өргөснөөр сүүлийн 16 жил үргэлжилсэн Виктор Орбаны засаглалд цэг тавьжээ.

Өнгөрсөн сард болсон сонгуулиар Мадьярын баруун төвийн үзэлтэй Тиса нам Орбаны үндсэрхэг үзэлтэй Фидес намыг ялж, коммунизмын уналтаас хойших Унгарын парламентын түүхэнд хамгийн олон суудалтай улс төрийн хүчин болсон юм.

Парламентын суудлын гуравны хоёрыг авсан Тиса нам одоо Фидесийн үеийн олон бодлогыг өөрчлөх эрх мэдэлтэй болоод байгаа.

Тангараг өргөснийхөө дараа парламентад хандан үг хэлэхдээ Мадьяр өөрийн албан тушаалыг Унгарыг “захирахад” бус, эх орондоо “үйлчлэхэд” ашиглахаа амлажээ.

“Бид энэ улсын бусад иргэдээс өөр учраас энд зогсоогүй. Би сая сая унгарчууд өөрчлөлтийг хүссэн учраас энд зогсож байна. Бидний хүлээн авсан энэ итгэл бол хүндэтгэлийн илрэл, ёс суртахууны үүрэг төдийгүй гайхалтай сайхан мэдрэмж юм” гэж тэр хэлсэн байна.

Орбаны засаглалын үед ихээхэн суларсан ардчилсан институцүүдийг сэргээж, засгийн газрын хяналтыг багасгаж, авлигын хэргүүдийг шийдвэрлэхээ Мадьяр амлажээ.

Тиса нам Унгарын парламентын 199 суудлыг 141-ийг авсан бол өмнө нь 135 суудалтай байсан Фидес нам 52 суудалтай үлдэж, хэт барууны үзэлтэй Ми Хазанк нам зургаан суудалтай болсон.

Өчигдөр 11:00 цагийн орчимд парламентын шинэ гишүүд тангараг өргөхөд 1990 оноос хойш Унгарын парламентад тогтмол сонгогдож байсан Орбан анх удаа тэдний дунд байгаагүй юм.

Парламент 54 эмэгтэй гишүүнтэй болсны ихэнх нь Тиса намын төлөөлөл байгаа бөгөөд Унгарын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент болжээ.

Орбаны үед Унгарын парламент нь Европын Холбооны 26 гишүүн улсаас хамгийн цөөн эмэгтэй төлөөлөлтэй байсан юм.

Мадьярын засаглалын үед Европын Холбоотой харилцаа сайжирч, Украины дэмжлэг нэмэгдэхээр байгаа.

2014 онд Орбан парламентын ордныхоо үүднээс Европын Холбооны далбааг буулгаж байсан бол өчигдөр үдээс хойш дахин мандуулсан байна.

Орбаны засаглалын гажуудал, авлигатай холбоотой Унгарт хуваарилах Европын Холбооны 17 тэрбум еврогийн санхүүжилт гацаад байсныг Мадьярын засгийн газар нэн тэргүүнд чөлөөлүүлэх зорилготой байгаа.

Энэ мөнгө нь сүүлийн дөрвөн жил зогсонги байдалд орсон Унгарын эдийн засгийг сэргээхэд чухал хэрэгтэй юм.

Мадьяр бас Орбаны засаглалын үед үүссэн гажуудал, алдаа завхралыг засварлах, алдагдсан хөрөнгийн мөрөөр шалгах үүрэгтэй Хөрөнгө Сэргээх, Хамгаалах Үндэсний Алба байгуулахаар төлөвлөж байна.

Тэр мөн Орбаны дэглэмийн суртал нэвтрүүлгийн зэвсэг болоод байсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан буулгахаа амласан юм.

 

Эх сурвалж: Associated Press