Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал нөгөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдсон Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын анхны тов наймдугаар сарын 3-нд гарч байсан хэдий ч шүүгдэгч болох шүүхийн талаас удаа дараа буюу таван удаа хойшлуулсны эцэст уржигдар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.
Өнөөдөр шүүх хурал дээр “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал н.Сүхбаатар, Багануур ХК-ийн үйлдвэр эрхэлсэн орлогч н.Базарсүрэн, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал н.Отгонбаяр нар мэдүүлэг өгсөн юм. Харин яг одоо "Эм Жи Эл Эс Би Ди” компанид аудит хийж дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхоролоо гэрчийн мэдүүлэг өгч байна.
Үүний дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөх юм.
Прокурорын зүгээс Л.Гансүхэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан буюу төрийн албан тушаалтан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.
166 дугаар зүйл.Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох
166.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|