Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баасандорж: Шүүх дээр шаардлагатай баримт, гэрчүүд ирэхгүй байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслах байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжав шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар ирээгүй, шүүгдэгчдийн өмгөөлөгчид бүх гэрчүүдийг байлцуулах, шүүгдэгч нарын цагдан хорих арга хэмжээг цуцлах, мөн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас түр завсарласан хэдий ч шүүгчид хүсэлтийг хүлээж аваагүй билээ.

Ингээд шүүх хурлыг 15:00 цагийн үед үргэлжлүүлэхээр болсон ч өмгөөлөгчид ирээгүй учраас шүүх хурлыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Мөн өмгөөлөгчдийг шүүхийг үл хүндэтгэсэн, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан юм.


Дээрх шийдвэрүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэхээр өнөөдөр өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Үндэсний аудитын газрын ажилтан н.Ичинхорлоотой ярилцсан бичлэгээ сонсгосон юм. Бичигдсэн яриа тод сонсогдохгүй байсан тул өмгөөлөгч Ц.Баасандорж “Яриа тод сонсогдохгүй байх шиг байна. Энэ бичлэг дээр н.Ичинхорлоог тайлан гаргахаас өмнө АТГ-т ажилладаг нягтлан бодогч урьдчилаад тайлан гаргасан байсан бөгөөд тэр тайлангаа н.Ичинхорлоод үзүүлж, шахалт үзүүлэн хүлээн зөвшөөрүүлсэн талаар ярьсан байгаа.

н.Ичинхорлоог тайлан гаргахаас өмнө АТГ-т ажилладаг нягтлан бодогч урьдчилаад тайлан гаргасан байсан.

Би энэ бичлэгийг хэргийн баримт гэж үзээд прокурорт өгсөн. Харин шүүх хурал дээр ирсэн баримтууд дунд бичлэг байгаагүй. Мөн санхүүгийн дүгнэлт гаргахад ашигласан баримтууд ч ирээгүй. Хуулийн дагуу дээрх баримтууд шүүх хурал дээр ирэх ёстой. Шүүх дээр шаардлагатай баримт, гэрчүүд ирэхгүй байна.  Энэ талаар шүүх бүрэлдэхүүнд шаардлага тавихад дээрх баримтууд шаардлагагүй гэсэн. Мөн өмгөөлөгч Ц.Цэрэнжавыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. 

Ингээд шүүгч нарт ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэж үзсэн учраас шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж шүүх хуралдаан завсарласан. Уг нь бол өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзахад шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилдог шүүхийн практик байдаг. Татгалзлыг Нийслэлийн шүүх шийдсэний дараа дараагийн шүүх хурлын тов гардаг. Гэтэл тэгээгүй шүүх бүрэлдэхүүн “Та нар байж байгаарай, шүүх хуралдаан удахгүй үргэлжилнэ” гэж хэлээд гарсан. 

Ингээд хүсэлтээ бичгээр авчрахаар явсан хойгуур өөрсдөө татгалзлыг хүчингүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулсан. Ерөнхий шүүгчид хүсэлтээ бичгээр өгөхөд татгалзлыг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гарчихсан гэсэн.

Татгалзлыг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хурал товлосон хугацаандаа болох байх” хэмээн ярилаа.