Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Төр эзэмшиж байгаа хувьтайгаа дүйцэх хэмжээний татварыг оногдуулах боломжийг нээж өгч байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Гацууртын стратегийн ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжидтэй ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийгээд  нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын 50 хүртлэх хувийг төр эзэмшиж болно гэсэн заалттай байдаг. Эсвэл хувийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон стратегийн ордын 34 хүртлэх хувийг төр эзэмшиж болно гэж хуульд заасан. Энэ хуулийн дагуу бид хамтарсан компани байгуулаад явж байна.

Үүнийг арай өөр маягаар зохицуулах зорилготой нэмэлтийг оруулж байгаа. Энэ нь тусгай зориулалтын татвар оногдуулах. Өөрөөр хэлбэл, төр эзэмшиж байгаа хувьтайгаа дүйцэх хэмжээний татварыг оногдуулах боломжийг нээж өгч байгаа хуулийн төсөл юм. Ашигт малтмалын ордыг ашиглаад үгүй болно. Төр эхнээс нь үйл ажиллагаанд нь оролцоод, үлдсэн ноогдол ашгаас нь хувь хүртэх гээд байдаг.

Энэ зарчмаар бол зардал ихсээд ирэхээр ашиг нь буурдаг. Үүнээс үүдэлтэй маш их асуудал гарч байгаагийн нэг жишээ “Оюу толгой”. Энэ асуудлыг зохицуулах, ил тод ойлгомжтой болгох зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Хувь эзэмшихийг чухалчлахгүй, түүнтэй дүйцэх хэмжээний татварыг авах юм. 

-Энэ өөрчлөлт орсноор “Оюу толгой”-н гэрээнд өөрчлөлт орох боломжтой юу?

-Үүнийг хөрөнгө оруулагч талтайгаа ярих асуудал. Хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцоод аль алинийг нь сонгох бололцоотой болно гэсэн үг. Ингэснээр тооцоо нь ойлгомжтой, хөрөнгө оруулагч талд ч хялбар болох юм. Хувь эзэмшихээр үйл ажиллагаанд нь заавал оролцоод явдаг. Судалгаа хийж үзээд төлбөрийнх нь дээд хэмжээг таван хувь гэж оруулж байгаа. 

-Таван хувь гэдгийг тайлбарлаач. Олсон ашгийнхаа таван хувийг авна гэсэн үг үү?

-Ашигт малтмал ашигласны төлбөр гэж төлдөг. Энэ нь ашигт малтмалынхаа төрлөөс хамаараад харилцан адилгүй. Дунджаар таван хувь байгаа. Үүн дээр өсөн нэмэгдэх татвар нэмэгдэнэ. Зэс 35 хүртлэх хувийн өсөн нэмэгдэхтэй бол алтны татварыг багасгаад Монголбанкад тушаасан тохиолдолд 2.5 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ татвар хэвээрээ байна.

Үүн дээр нэмээд, стратегийн ордын хувьд төр өөрөө хувь эзэмшээд түүнээсээ ногдол ашиг аваад явах ёстой. Тэр ногдол ашигтай дүйцэх хэмжээний татварыг авах юм. Ордоосоо хамаараад татварын хэмжээ нь тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, техник эдийн засгийн үндэслэл дээр нь суурилаад, түүнд тохирсон ногдол ашиг, татварыг тогтооно.

-Гацууртын ордын хэдэн хувийг төр эзэмшихээр оруулж ирж байна вэ?

-Хоёр хоногийн өмнө Гацууртыг стратегийн ордод хамруулсан. Бид 20 хувийг төр эзэмшинэ гэсэн саналыг оруулж байна. Эхний хууль батлагдаснаар 20 хувийг төр эзэмших үү, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний татвар аваад явах асуудал нь нээлттэй болох юм. Үүн дээр ажлын хэсэг байгуулж ажиллана.

-20 хувийг хэрхэн тооцож гаргаж ирсэн бэ?

-Хөрөнгө оруулагч талтай манай ажлын хэсэг гэрээ хэлэлцээр явуулаад гаргасан. Гацууртын ордыг хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж тогтоосон. Тэгэхээр манай тал 34 хүртлэх хувь эзэмших бололцоотой. 34, 20 гэдэг хувилбараар манай ажлын хэсэг судалгаа хийсэн. 20 хувь нь манай талд эрсдэл багатай гэсэн дүгнэлтэд хүрээд энэ саналыг өргөн барьсан. Миний хувьд хувь эзэмшихээсээ илүү тусгай төлбөр аваад явах нь зүйтэй гэж бодож байна. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

-20 хувийг төр эзэмшинэ гэхээр 20 хувийн хөрөнгө оруулалтыг манай Засгийн газар гаргана гэсэн үг үү?

-Хамтарсан компани байгуулахдаа 20 хувьд нь Монгол Улсын Засгийн газар 20 хувийн хөрөнгө оруулалт хийнэ. Цаашдаа анхны оруулсан хөрөнгөө нэмэгдүүлэхгүй байхаар компаниас зээл аваад явах боломжтой. Урьдчилсан тооцоогоор 100 мянган долларын хөрөнгө оруулалттай компани байгуулах тооцоо гаргасан

-34 хувийг төр эзэмшихэд ямар эрсдэл гарсан юм бол?

-Зээлийн хүүндээ нэлээн их төлбөр төлөх тооцоо гараад байгаа юм. 34-өөр оролцоод явахаар эрсдэл нь их болж байгаа хэрнэ манайд оногдож байгаа ноогдол ашигаар авах хэмжээ нь 20-иор авахаас ялгаагүй байсан. 

-Ашигт малтмалын лиценз олгож байгаа салбар яамнаас ямар хяналт тавьж байгаа вэ?

-Хууль батлагдаснаас хойш бэлтгэл хангаж ажиллаж байна. Анх удаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн зарчмаар өгч эрэмбийг нь цахимаар тогтоож байна. Үүнийг өнгөрсөн сарын 26-наас эхэлсэн. Өмнө нь хүмүүсийг дугаарлуулаад бяр чадалтай нь авдаг байсан. 

Өөрөөр хэлбэл, хүний хүчин зүйл их ордог байсан. Үүнийг арилгаж, шударга болгох зорилгоор цахим болгосон. Цахимаар бүртгүүллээ гээд шууд тусгай зөвшөөрөл авна гэсэн үг биш. Эрэмбийг нь тогтоож өгөөд, зарласан цагт, бүрдүүлсэн материалуудаа шалгуулаад цаашдын үйл ажиллагаанд оролцоно. Өнөөдрийг хүртэл дөрвөн сонгон шалгаруулалт явуулсан үүнээс нэг нь хүчингүй болсон.