Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын уул уурхайн орчин нөхцөл ямар төвшинд байна. Хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн компаниуд зогсонги байдалд байгаа гэх мэтээр таагүй мэдээллүүд бий?
-Ямар ч байсан Шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уурхайн салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд, ойлгомжтой, тогтвортой байх нөхцлийг бүрдүүллээ. Энэ бол манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой ажил хэрэг гэж үзэж байна. 2025 он хуртлэх хугацаанд Монгол Улс “Эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ыг УИХ баталсан явдал. Уг бодлогыг батлах талаар олон жил ярьж байсан.
Энэ бодлогоор газрын хэвлийн болон геологийн салбарын эрх зуйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр ангилахгүй байх, төрийн оролцоог зохистой төвшинд байлгах, боловсруулах аж үйлдвэрийг хөгжуулэх, салбарын өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлэх зэрэг олон асуудал,зорилтуудыг тодорхой болгож, цэгцэлж чадсан.
Үүнээс гадна хууль санаачлагчийн хуулийн төсөлд судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах, эрдэс баялагын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоод гадаадын зах зээл дээр энэ салбарын уйл ажиллагааг суртачлах зорилго бухий олон талын оролцогчдоос бүрдсэн Бодлогын зөвлөлийг байгуулах болсон. Мөн долдугаар сарын 01-д батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар энэ Бодлогын зөвлөлийг хуульчилсан. Энэ зөвлөл бусад оронд ч чухал үүрэгтэй байдаг. Ер нь яам мэргэжлийн холбоод, төрийн бус байгуулагуудтай байнга хамтарч ажиллаж байгаа.
Сүүлийн хэдэн сар Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.
Энэ салбарын эрхзүйн орчин 2012 оны сонгуулийн үеэр гаргасан
“Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах хууль, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, 106 тусгай зөвшөөрлийн асуудал” зэрэг шийдвэрүүдээс болж тогтворгүй болсон. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх 2012 оны зургадугаар сарын Засгийн газрын тогтоолоор нийт 1336 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Үүний 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Гэхдээ “Урт нэртэй” хуулийг хэрэгжуулэх нь буруу байсан гэж хэлэх гээгүй. Хэрэгжих учиртай хууль. Гол нь ийм хууль гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчдад төрөөс тусгай зөвшөөрөл олгож тэдний хөрөнгийг хайгуулд зарцуулуулсан нь буруу байсан. Энэ нь алсын хараагүй явж ирсэнтэй холбоотой. Одоо ч гэсэн нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй байна.
Үүнээс гадна 2012 оны гуравдугаар улирлаас хойш өнөөг хүртэлх нүүрсний зах зээлийн үнэ уналттай хэвээрээ байна. 2014 онд төмрийн хүдрийн зах зээлийн үнэ нэлээд унаж байна. Энэ хоёр төрлийн ашигт малтмал маань манай улсын экспорт болон төсвийн орлогод голлох байр суурийг эзэлдэг.Ер нь тухайн ашигт малтмалын зах зээл тааруу байхад тэр салбарын хөрөнгө оруулалт буурах нь бол нийтлэг хандлага.
Эрдэс баялгийн түүхий эдийн зах зээл мөчлөгтэй, хэлбэлзэл ихтэй байдаг. Тиймээс Монгол Улс түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээх, аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Манай улсын хөгжлийн гарц бол эрдэс баялагт суурилсан аж үйлдвэржилт байх болно.
Мөн манай улсын тухайд тээвэр, ложистикийн зардал хэт өндөр байна. Энэ нь нүүрс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнийг автомашинаар тээвэрлэж байгаатай холбоотой. Ашигт малтмал үнэтэй үед бэлэн мөнгө тараалгүйгээр төмөр замаа тавьчихсан бол өөр байх байсан.
Ойролцоогоор 800 км төмөр зам тавих мөнгийг бэлнээр тараасан гэдэг. Одоо жилд 200-300 сая ам.долларыг тээврийн зардлын зөрүүгээс алдаж байх шиг байна. Далайд гарцгүй, их газрын тээвэртэй орнууд далайн тээвэр, ложистикийн хямд зардалтай өрсөлдөхийн тулд төмөр замын ачааны даацыг нэмэгдүүлж, төмөр замын сүлжээгээ хурдны төмөр зам болгон өөрчлөн барьж байна.
Дүгнэж хэлэхэд, энэ хугацаанд уул уурхайн салбарын эрхзүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай боллоо. Яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ар араасаа цуван Монгол Улсад айлчиллаа. Энэ үйл явдал нь дэлхийн улс орнуудын удирдагчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлж чадлаа.
Түүнчлэн БНХАУ-ын даргын айлчлалын үеэр төмөр замын тээвэр, транзит тээврийн тариф, далайд гарах боомтууд, бараа эргэлтийн төсөөлөл зэргийг тохирч гэрээ, хэлэлцээрүүдийг байгууллаа. Эдгээр ажил нь түүхэн шинэ алхам бөгөөд, хөгжлийн олон боломжуудыг бүрдүүлж өглөө. Сүүлийн хэдэн сар Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хүрээнд энэ салбартай холбоотой баримт бичгийг нэлээд цэгцлэх шиг болсон. Ямар үр дүнд хүрэв?
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөр нь ач холбогдол өндөртэй зорилт юм. Төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засагтай орнуудад төр, засгаас гадна эдийн засгийн хөгжлийн асуудал нь иргэн, өрх, аж ахуйн нэгж бүрийн ажил, амьдрал үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Энэ арга хэмжээгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтод олон нийтийн анхаарлыг чиглүүлж чадсан нь гол үр дүн болов уу.
Мөн төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч ажилласан. Энэ арга хэмжээ цаашдаа ч улам идэвхтэй үргэлжлэх учиртай. УИХ уул уурхай, газрын тосны салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон хоёр чухал хуулийн төслийг өмнөх чуулганаар баталж өгсөн. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангахын тулд наадмын дараахан тав хоног амарсныг эс тооцвол яам, агентлаг тасралтгүй ажиллаж байна. Удахгүй аравдугаар сарын 1-ээс УИХ-ын ээлжит чуулган эхэлнэ. Энэ үед Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулна гэсэн.
Энэ онд Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ 2006 оноос хойшхи хугацаанд дээд төвшиндөө хурэхээр байна. Энэ бол алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг унаган босгон байж батлуулсны үр дүн болов уу. Ер нь улс орнууд өнгөрсөн зуунд ч, энэ зуунд ч алтыг төсвийн орлогыг бүрдүүлэхээс илүү гадаад валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж ирсэн. Ингэснээр Монголын алт Монголдоо үлдэж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Манай улсын тухайд газрын тосны бүтээгдэхүүн бензин бол бараг 100 хувь импортын бүтээгдэхүүн. Өнгөрсөн хугацаанд хэдийгээр төгрөгийн доллартай харьцах ханш 27 орчим хувиар унасан ч бензиний үнэ тогтвортой байлаа. Энэ бол бензиний худалдаанд нэг цонхны бодлого хэрэгжих эрхзүйн орчинг бүрдүүлж, нийлүүлэлтэд өрсөлдөөнийг бий болгож, бензиний хилийн үнийг түүхий тосны биржийн үнээс тооцдог болсноор гол нийлүүлэгч компаниудын бензиний хилийн үнийг дунджаар 350 орчим ам.доллараар бууруулсантай холбоотой.
Энэ бол хамт олны ажлын үр дүн юм. Зарим мэргэжлийн хүмүүс бензиний литрийн үнийг түүхий тосны биржийн үнээс тооцдог болсон нь том хувьсал гэж хэлсэн байсан. Энэ үгэнд салбарын хамт олон урамшиж байгаа. Мөн Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн бензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, валютын ханшийн эрсдлээс хамгаалах хэлэлцээр байгуулсан нь чухал үр дүн өгсөн. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд эдгээр арга хэмжээний үр дүнд валютын гарах урсгалыг 700 орчим сая ам.доллароор багасгаж, иргэдээс гарах зардлыг 650 орчим тэрбум төгрөгөөр хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна билээ.
-Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрчээ. Ямар өөрчлөлт мэдрэгдэж байна?
-Энэ чухал хууль гарсан. Монгол Улсад Хөрөнгө оруулалтын баталгаа, хамгаалалт сайжирсан гэсэн ойлгоц олон улсын хэмжээнд бий болсон. Мөн Монголд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хөрөнгө оруулахад ямар нэгэн цензур арилсан гэж ойлгох учиртай. Хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаанаас хамааруулан хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах гэрчилгээ олгохоор болсон.
-Бас Ашигт малтмалын хууль гэж гарсан шүү дээ. Өөр Газрын тосны хууль ч батлагдсан?
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг өнгөрсөн чуулганаар баталсан. Энэ хуулийг төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж баталсан. Энэ хууль нь төрөөс тогтоосон газар нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгож эрдэс баялгийн албан ёсны нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн дархлаа, баталгааг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын эрх зуйн орчинг урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох зорилттой.
Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх болно. Мөн олон жил яригдсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Энэ хуулиар түүхий нефть, байгалийн хий “уламжлалт газрын тос”, уламжлалт бус газрын тос буюу байгалийн хий, занарын хий, шатдаг занар зэрэг баялгийг эрэх, хайх, олборлох ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Саяхан анх удаа энэ салбарын олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж амжилттай болсон.
Олон улсын хэмжээнд нөлөө бүхий том компаниуд энэ хуралд оролцсон. Хэд хэдэн төслүүд танилцуулагдаж, зарим төслүүдийн эрлийн ажлын гэрээнүүд байгуулагдсан. Товчхон хэлэхэд, Монгол Улсын газрын тосны салбарт эрхзүйн таатай орчин бүрдсэн байна гэж оролцогчид дүгнэсэн. Эрлийн ажлын гэрээ байгуулах нэлээд олон санал ирсэн байгаа. Монгол Улсын газрын тосны салбар улсын эдийн засаг, нийгэмд нөлөө бүхий томоохон салбар болон хөгжиж байна.
-Саяхан Оюутолгой гацаанаас гарлаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Яг ямар үйл явдал болов?
-Шинэчлэлийн Засгийн газар далд уурхайн санхүүжилтийг анхнаасаа дэмжсээр ирсэн. Өнөөдөр ил уурхайн үйлдвэрлэл, олборлолт, экспорт борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Сүүлийн хагас жилд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид, ТУЗ энэ асуудал болон бусад ганц хоёр асуудлыг есдүгээр сарын 31-ний дотор шийдэхээр идэвх санаачилгатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын маргаан гарснаар энэ асуудал жаахан сунжирч байна гэж ойлгож байна.
-Манай татварынхан 130 сая ам.доллар нэхдэг. Манайх 30 тэрбум болгож буурууллаа гэсэн мэдээлэл бас гарсан. Татварын энэ асуудал дээр манайх буулт хийхээр болж байх шиг ээ?
-Монгол Улс хуулийн засаглалтай орон. Татварын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Татварын маргаан бол аль ч оронд байнга л гардаг. Гэвч Оюутолгой төсөл нь Монгол орны тухайд том төсөл, нөгөө талаас олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд орсон төсөл учраас нэлээд шуугиан тарилаа.
Бүх талын оролцоотой, хараат бус оролцогчтой Татварын маргаан таслах зөвлөлөөр энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн гэж үзэж байна. Татварын маргаан бол хуулийн заалт, орлого болон зардлын баримтад үндэслэгдэн явагддаг. Ийм учраас хуулийн засаглалтай, нээлттэй Монгол Улсад татварын маргаанаар аж ахуйн нэгжийг үндэслэл, баримтгүйгээр хохироох боломжгүй гэж бодож байна.
-Оюутолгойнхон та нарт нэг ч доллар өгөхгүй. Хэрвээ акт тавиад мөнгө нэхвэл арбитрт хандана. Улмаар хоёр дахь шатны ашиглалтын ТЭЗҮ-г өгөхгүй гэж шантаажлаад байгаа юм биш үү?
-Дээр ч хэлсэн. Татварын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Нэмэлт санхүүжилт бол гэрээ, компанийн тухай хуулиар зохицуулагдана.
-Хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг татахдаа дэлхийн 10-аад банкнаас мөнгө зээлэх шаардлага гарна гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Энэ асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Хөрөнгө оруулагч тал хариуцна.
-Татварынх нь асуудал шийдэгдэж магадгүй байна. Тэгвэл Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалт яг хэзээ шийдэгдэх юм. Бидэнд ямар боломж, давуу талууд нээгдэх вэ?
-Гол нь Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа аливаа асуудлыг хууль, байгуулсан гэрээнийхээ дагуу шийдвэрлэж, учраа олдог орон гэдэг нь батлагдана. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон энэ үед ийм мессэж их чухал байх болов уу.
Оюутолгой компанийн нийт нөөцийн 70 орчим хувийн нөөцтэй далд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэж бодож байна.
Нөгөө талаас 2010-2012 онд энэ төслөөр жил бүр орж ирж байсан хөрөнгө оруулалт нөхөгдөж, өөр хөрөнгө оруулалтууд ч нэмэгдэнэ. Мөн Оюутолгой компанийн нийт нөөцийн 70 орчим хувийн нөөцтэй далд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэж бодож байна.
Хугацааны хувьд нэг тал дангаараа хэлэх боломжгүй, хоёр тал тохирч байж шийдэгдэнэ. Гэхдээ удахгүй байх. Нөөцийн тайлангаа өгсөн тул шинжээчид ажиллаад дүгнэлтээ гаргачихсан байгаа. Компанийн зүгээс удахгүй ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлнэ байх аа.
-Бас Эрдэнэс Тавантолгой компани оператор компаниа хөөгөөд гаргачихлаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Энд юу болоод байна вэ?
-Энэ бол цэвэр бизнесийн маргаан гэж бодож байна. Засгийн газар, Уул уурхайн яам компанийн хуульд заасны дагуу төрийн өмчит компанийн дотоод асуудалд оролцохгүй байгаа. Зүүн цанхи дээр олборлолт операторын үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалттай Macmohan компани явуулдаг. Баруун цанхи дээр дотоодын компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудын олборлолтын өртөг зардал нь харьцангуй их зөрүүтэй байдаг.
Тиймээс нүүрсний үнэ уналттай байгаа учир өртөг, зардлыг бууруулах шаардлагын үүднээс гарсан маргаан байх. Мөн Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд зээлээ төлж байгаа, нүүрс хямдарсан тул орлого ч хангалттай бус байгаа нь мэдээж юм. Энэ тохиолдолд гэрээлэгч, маргалдагч талууд харилцан хүндэтгэлтэй хандаж учраа олох нь зохистой юм.
-Гадныхан Тавантолгойг хэр сонирхож байгаа юм даа. Нүүрсний үнэ унасан гээд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг яаран хийхгүй юм биш үү?
-Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд хангалттай байгаа. Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Тавантолгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьсанаар Эрдэнэс Тавантолгой компанийн үнэлгээ нэмэгдэнэ гэж үзсэн.
Энэ шийдвэр нь “Саалиа бэлдэхээр, саваа бэлд” гэдэгтэй утга адилхан. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой ордод цахилгаан станц барих хөрөнгийн тодорхой хэсгийг бондын санхүүжилтээс гаргасан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна. Эрчим хүчний яам Тавантолгойн ордод баригдах цахилгаан станцыг барих, санхүүжүүлэхэд хамтарч ажиллахаар Рио Тинто компанитай гэрээ байгууллаа.
Гашуунсухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг хариуцан ажиллах Гашуунсухайт ХХК байгуулагдаж, энэ төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Хятад улстай тээвэр, транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Ингэснээр Тавантолгой ордыг ашиглахад шаардагдах дэд бүтэцтэй холбогдсон бүх шийдвэрүүд гарсан.
Мөн Засгийн газраас УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу Тавантолгойн ордод дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Ч.Сайханбилэг дарга ахалж байгаа. Хэлэлцээрийг үргэлжлүүлэн явуулах урилгыг өмнө нь явуулсан сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарсан компаниудад хүргүүлсэн байх. Өнөөдөр нүүрсний үнэ уналттай, гэхдээ тодорхой хугацааны дараа зах зээл мөчлөгөө дагаад сайжирна биз ээ.
-Манайхан шинэ нөхцөл тавьсан гэсэн. Хөрөнгө оруулагч, хамтран ажиллахын тулд ямар нөхцөл тавиад байгаа юм?
-Гол нь коксжих нүүрсийг урт хугацаанд тогтвортой худалдан авах, яаралтай шаардлагатай байгаа зарим төмөр замыг барихад хөрөнгө оруулах нөхцөл байх болов уу. Ер нь нөхцлийн тухайд нээлттэй ярилцах нь зүйтэй гэж бодож байна.
-Өнөөдөр бас нэг асуудал байгаа нь Засгийн газрыг цомхотгох тухай. Энэ асуудалд?
-Одоогийн байдлаар яг хэрхэн цомхотгох талаар надад мэдээлэл алга.
-Цомхотголтой холбоотойгоор Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ асуудалд таны байр суурь?
-Энэ асуудлыг шийдвэрлэх саналаа УИХ-д оруулах эрх нь холбогдох хуульд зааснаар Ерөнхий сайдад байдаг. Хэрэв энэ асуудлыг шийдэхээр болбол намын шийдвэр гаргах бүтэц болон УИХ дахь намын бүлгийн хурлаар урьдчилан ярилцах үед л асуудал тодорхой болно байх.
Ер нь бол улс орны хөгжилд ч, эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг уул уурхайн салбарын тухайд ч улс төрийн болон эрх зүйн орчны тогтвортой байдал чухал байдаг. Гэхдээ энэ нь илүү үр дүн авчирах шинэчлэл өөрчлөлтөөс татгалзана гэсэн үг биш юм. Үр дүн чухал.
-Ер нь хоёр яам нийлэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд сайдын тухай яригдана. Та өөрийгөө хамтарсан яамыг удирдах эрхтэй гэж бодож байна уу. Эсвэл зайгаа тавих уу?
-Энэ асуудлыг би ганцаараа ийм тийм гэж хэлэх боломжгүй ээ. Улс төр бол багийн тоглолтын дүрэмтэй байдгаараа онцлогтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|