Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Хөрш гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан бий

President.mn
2014 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өчигдөр гурван талт уулзалт хийсэн нь хөрш гурван орны Төрийн тэргүүн нэгэн цаг мөчид нүүр тулан уулзсан анхны тохиолдол болсон юм. Уг уулзалтын дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын сэтгүүлчдэд  хандаж мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ц.Элбэгдорж: -Гурван улсын тэргүүн нарын түвшинд уулзсан тус уулзалт нь анхных юм. Энэ уулзалтын гол зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг хийе гэдэг асуудлыг ярихад оршиж байгаа юм. Уг уулзалтыг зохион байгуулъя гэдэг санаачилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлж ярилцсан.

Гурван улсын тэргүүн нарын түвшинд уулзсан тус уулзалт нь анхных юм. Уулзалтын гол зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг хийе гэдэг асуудлыг ярихад оршиж байгаа.

Харин Душанбед болж буй тус уулзалтаар уг санаачилгын тухай ярилаа. Уулзалтыг санаачлагч улсын хувьд бидний зүгээс тодорхой асуудлуудыг гаргаж тайлбарласан. Ер нь ийм уулзалт хийх ямар шалтгаан, хүчин зүйлүүд байна вэ гэдгийг тайлбарласан юм. Тайлбарлахдаа бид асуудлаа гурав, гурав гэдэг зарчмаар ярилаа. Ийм гурван шалтгаан байна. Мөн ийм гурван зарчим байна гэх зэргээр.

Бидний зүгээс ГУРВАН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ УУЛЗАЛТЫГ УЛААНБААТАРТ ХИЙХ ДАРААХ ГУРВАН УЧИР ШАЛТГААН, ХҮЧИН ЗҮЙЛ байна гэж үзэж байгаа.

1. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Мөн Орос, Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдгийн хувьд манай гурван улсын хооронд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна гэж үзэж байгаа. Ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой ярилцах асуудлууд байгаа юм. Мөн далайд гарахын тулд заавал хоёр хөршөөрөө дамжих шаардлагатай.
 

2. Монгол Улсын газар зүйн байршлын өөрийнх нь онцлог нь  БНХАУ, ОХУ хооронд бүхлээрээ оршдог цорын ганц дамжин өнгөрөх орон юм.
 

3. Монгол Улс өөрийгөө ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм. Ийм учраас энэ гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан байгаа гэж бид үзэж байгаа юм.

Мөн ГУРВАН ЗАРЧМЫН хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн.

1.  Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, 3 жил тутамд хийж байя гэдэг саналыг хамгийн эхэнд дэвшүүлсэн.

2. Энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй гурван улсын хамтын ажиллагааны нийтлэг зарчимд нийцэж байх ёстой гэсэн зарчмыг дэвшүүлсэн.

3.  Гурван улсын  уулзалтаар талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх гэсэн.  Энэхүү саналаа би БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путин нарыг саяхан манай улсад айлчлах үеэр мөн дэвшүүлж ярилцсан.

Тэр уулзалтаар Монгол Улсын хувьд ДАРААХ ГУРВАН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОЖ ТОХИРОЛЦООНД ХҮРЭХИЙГ гол зорилгоо болгож байгаа.

1. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын талаарх дээр миний хэлсэн үндсэн зарчмын тухай харилцан санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэх,

2. Си Зиньпин дарга, В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх. Мөн ийм ажлын хэсгийн уулзалтыг “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих  асуудлыг судлах зорилгоор Улаанбаатарт хийж болох юм гэж байгаа.

Байгалийн хийг манай нутгаар тавих боломж байна. Учир нь дөт, саад бартаа багатай мөн найдвартай байна гэсэн үндэслэлийг бид ярьж байна.  

3. Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг хоёр хөрш орныхоо Ерөнхийлөгчөөс хүссэн. АПЕК гэдэг бол Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэсэн үг. Жил бүр уулзалт нь болдог.

Монгол Улс олон жил АПЕК-т гишүүнээр элсэх саналыг тавьж байгаа. Энэ саналыг дэмжиж өгөхийг В.В.Путин Ерөнхийлөгч болон Си Зиньпин даргаас хүслээ.

Монгол Улс олон жил АПЕК-т гишүүнээр элсэх саналыг тавьж байгаа. Энэ саналыг дэмжиж өгөхийг В.В.Путин Ерөнхийлөгч болон Си Зиньпин даргаас хүслээ.  Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг бид мөн дэвшүүлсэн юм.

Монгол Улс санаачлагч орныхоо хувьд өнөөдрийн уулзалтад арай илүү эрх эдэлсэн. Бидэнд 3 минутын боломж олдсон байгаа. Тиймээс би 2 минут 50 секундэд багтааж саналаа хэлсэн.

БНХАУ-ын даргын хувьд мөн тодорхой саналуудыг бэлдэж ирж ярьсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины хувьд мөн тодорхой саналуулын бэлтгэж ирж ярьж байна.

Тэгээд төгсгөлд нь уг уулзалтыг дүгнэж хааж би үг хэлэхдээ “Бид саяхан Монгол Улсад их амжилттай болсон айлчлалын үр дүнг цаашид хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж ажиллана. Түүнээс гадна гурван талын уулзалтаар бид бүхний ярилцсан дээрх асуудлуудыг зохих яамд хамтарч Засгийн газрууд чиглэл, чиглэлээрээ хамтарч ажиллая. Мөн энэ удаагийн гурван талт уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг дараа нь дэд сайдуудын уулзах уулзалтаар хэлэлцэж тохиролцъё” гэсэн. Манай талаас гаргасан санаачилгыг дэмжиж уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт талархлаа илэрхийлсэн.

Бид энэ уулзалтыг Улаанбаатар хотод хийж байя. Өөр газар хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө хоёр Төрийн тэргүүн маань мөн өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Заавал Улаанбаатарт биш, олон улсын хурлын үеэр ч юм уу боломж гарсан үедээ эсвэл ээлжлээд хийж болох юм гэсэн саналыг дэвшүүлж байгаа.

Мөн өнөөдрийн уулзалтаар төмөр замаа хамтарч барих Монгол Улсыг АПЕК-т элсүүлэх гэх мэт асуудлуудын талаар маш сайн ярилцлаа.

Ер нь Путин Ерөнхийлөгч, Си Зиньпин дарга “Ийм уулзалт бидэнд хэрэгтэй байсан юм. Энэ бол улсуудын түүхэнд анх удаа болж байгаа уулзалт” гэж үзэж байгаа. Зөв эхлэл бол амжилтын эхлэл юм гэдгийг Си Зиньпин дарга хэлж байна.

В.В.Путин Ерөнхийлөгч ч мөн “Энэ уулзалтаар яригдсан зүйлүүд бидний ирээдүйд хэрэгжүүлэх хамтарч ажиллах томоохон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэх зөв механизм бүрдэж байна” гэж хэлж байна лээ. Үүнд хамтарч ажиллая гэсэн. Мөн ирэх жилүүдэд гурван улсын Ерөнхийлөгч тодорхой арга хэмжээнүүдийн үеэр уулзах боломж байна гэдгээ дуулгасан.  



Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

- Та уг уулзалтыг хэр үр дүнтэй болсон гэж үзэж байгаа вэ?. Олон улс уг уулзалтад маш их анхаарлаа хандуулж байх шиг байна...

- “Улаанбаатарын уулзалт” гэдэг санаачилгыг дэвшүүлээд, тэгээд уулзалт болбол үнэхээр түүхэн үйл явдал болно гэсэн эхний сэтгэгдэл байсан. Энэ маш богинохон хугацаанд Хятад улсын дарга, ОХУ ын Ерөнхийлөгчийн айлчлал давхцаад түүгээр дахиж яригдаад тэгээд манай хоёр хөршийн удирдлагууд олон улсын арга хэмжээний үеэр уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг яах вэ гэдэг талаар дахиад гурван улсын ГХЯ, Ерөнхийлөгчийн аппаратын түвшинд ярилцсан. Энэ бол байнга л яригдаж байсан асуудал.

Яаж хийх вэ, ямар хэлбэрээр хийх вэ. Наад зах нь хэн гэдэг Ерөнхийлөгчөөр эхэлж үг хэлүүлэх вэ, үсгийн дараалал юу байх вэ гэх мэт нарийн ширийн маш олон асуудал яригдсан. Аль Ерөнхийлөгч нь аль талд зогсох вэ гэх зэрэг. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Гурван улсын Төрийн тэргүүн гурвуулаа өмнө нь хэлбэрийн талаас нь ярилцдаг байсан. Одоо бол агуулгын талаасаа илүү сайн дэлгэж ярилцаж шийдвэрлэх талаас нь ярилцахаар болсон.

- Орос, Хятадын зүгээс манай улсыг ШХАБ-ын байгууллагад элсүүлэх удаах саналыг тавих байх. Манайх энэ талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх вэ?

- Энэ саналыг Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар тавьж байсан. Өмнө нь ч тавьж байсан. Бид бол “За энэ саналыг маш хүндэтгэлтэй сонсож байна” гэж хэлж байсан. Одоогийн бидний томъёолж байгаа томъёолол бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна.

Мөн бүс нутгийн томоохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний сонирхож байгаа дамжин өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломжтой гэж бид үздэг тэр хөнгөлөлтүүд шийдвэрлэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улстай яриад л яваад байгаа. Тэгэхээр гурван талт ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн хүрээнд томоохон дэд бүтцүүдэд оролцъё.

Ялангуяа төмөр зам байна. Тэр байгалийн хий дамжуулах хоолой байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэж дамжуулж болох боломж байна. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя Европ, Азийн авто замаар холбогдох боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа. Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит ажлын үр дүнг хүлээж байна гэж бид хариулж байгаа. Бид бол идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм.

- ШХАБ-т гишүүнээр хүчээр элсүүлээд гэрчилгээ өгнө гэсэн таамаг байна. Энэ хэр бодитой вэ?

-Тийм зүйл байхгүй. Тийм бүдүүлэг арга хэрэглэхгүй байх. Бидэнд шууд гишүүнээр элсүүлсэн үнэмлэх гардуулсан ч бид хүлээж авах уу, үгүй юу гэдгээ өөрийнхөө улсын түвшинд илэрхийлэх боломж байгаа.

Бид саналаа маш тодорхой хэлж байгаа. Бид дамжин өнгөрөх тээвэр, эдийн засагт үр ашигтай зүйл дээр тохиролцсон тохиолдолд орж болох юм гэсэн байр суурьтай байгаа гэв.