Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван улсын ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ хэлсэн ОНЦЛОХ 50 ЭШЛЭЛ

Ч.Болортуяа
2014 оны 9 сарын 12
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар есдүгээр сарын 11-нд Душанбе хотноо Кохи Сомон ордонд уулзав. Уулзалтын үеэр талууд гурван талын уулзалтыг тогтмолжуулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талуудын хэлсэн үгнээс ОНЦЛОХ 50 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.


Ц.ЭЛБЭГДОРЖ:  УЛААНБААТАР ХОТНОО ГУРВАН ТАЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АНХНЫ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙХ ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ДЭВШҮҮЛЬЕ

  1. Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ 8, 9 дүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна.
     
  2. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын тухай ярилцахаар энд цуглаад байна.
     
  3. Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм.
     
  4. Мөн зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой орон юм.
     
  5. Монгол Улс нь өөрийгөө, ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм.
     
  6. Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, 3 жил тутамд хийж байх.
     
  7. Уг уулзалтаар талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх.
     
  8. “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх.
     
  9.  АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг Эрхэмсэг дарга Си Зиньпин, Эрхэмсэг Ерөнхийлөгч В.В.Путин нараас хүсэж байна.
     
  10. “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг бид мөн дэвшүүлж байна. 
     
  11. Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний анхны албан уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. 

СИ ЗИНЬПИН: МОНГОЛ УЛС АПЕК-Т ЭЛСЭХИЙГ ДЭМЖИНЭ

  1. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт бол улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлийг улам нягт болгоно.
     
  2. Эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталсан хамтын ажиллагаа явуулж, харилцан нөхөж, хамтдаа хөгжих болно. 
     
  3. Сайн эхлэл нь амжилтын хагас гэж хэлж болно.
     
  4. Энэ удаагийн уулзалтаар цаашид гурван талын харилцааг хөгжүүлэх сайн суурь үндэс тавигдлаа гэж найдаж байна.
     
  5. Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг гурван улсад тогтмол ээлжлэн хийх, эсвэл шаардлагын дагуу олон улсын арга хэмжээний үеэр зохион байгуулж болно. Жишээ нь, ШХАБ-ын арга хэмжээний үеэр байж болно.
     
  6. Гурвуулаа өөр өөрийн холбогдох байгууллагад журам гаргаж, гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар  ярилцах сэдэв, үр дүнгийн талаар нухацтай судалж, гурван талын Гадаад харилцааны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван улсын хамтын ажиллагааг цогцоор явуулах санал гаргаж байна.
     
  7. Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна.
     
  8. Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагааны бодит үйл ажиллагааны эхний шат бүрдэж байна.
     
  9. Хятадын торгон замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулахаар тохироцсон. 
     
  10. Торгон замын эдийн засгийн бүс болон Монголын талаас санаачилсан Талын зам саналтай уялдуулах болно.
     
  11. Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна.
     
  12. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой байна. 
     
  13. Хятад, Орос нэгэнт 750 МгВ 500 киловольт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулсан.
     
  14. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал.
     
  15. Гурван улсын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно.
     
  16.  Гурван тал мөн гурван талын хил дамнах авто замын бүтээн байгуулалтыг урагшлуулж болно. 
     
  17. Тээврийн хялбарчлалыг урагшлуулж болно.
     
  18. Бид нар Монгол, Оросын талтай хамтарч, гурван талын транзит тээврийн яриа, хэлэлцээг урагшлуулах, гурван талын транзит тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна.
     
  19. Цаашдаа гурван талын цахилгаан станц байгуулах асуудлыг ярилцаж болно.
     
  20. Мөн Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох талаар ярилцахад бэлэн байна.
     
  21. Гурван тал ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа явуулахыг нааштай судалж байна.
     
  22. ШХАБ-ын гишүүн орнуудыг нэмэгдүүлэх хуулийн бэлтгэл үйл ажиллагаа дуусах гэж байна.  Монгол бол тус байгууллагын анхны ажиглагч орон. Аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай.
     
  23. Украйны хямралыг улс төрийн аргаар шийдэхийн тулд В.В.Путин Ерөнхийлөгчийн гаргасан хүчин чармайлтыг дэмжинэ.
     
  24. Ирэх жил би Москвад очиж, Ерөнхийлөгч В.В.Путин Хятадад ирж тэмдэглэлт арга хэмжээнд оролцох болно.
     
  25. Бид цаашид Монголын тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. 
     
  26. Монгол Улс АПЕК-т элсэхийг дэмжинэ.
     
  27. Монголын талаас санаачилж буй Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж байна.
     
  28. Монголын тал зохистой хэлбэрээр Зүүн хойд Азийн механизмд оролцохыг дэмжинэ.

В.В.ПУТИН:  ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ДАМЖУУЛАХ ШУГАМЫГ МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАМЖУУЛЖ ТӨЛӨВЛӨЖ БОЛОХ ЮМ

  1. ЗХУ, Монгол Улс, БНХАУ нь Германы фашизм болон Японы милитаризмын цохилтыг өөрсдөдөө хүлээсэн үйл явдал 75 жилийн өмнөх ч гэсэн бид сайн санадаг. 
     
  2. Дэлхийн II дайны үед Монгол Улс бидэнд маш их тусалсныг бид хэзээ ч мартахгүй.
     
  3. Ирэх жил бид Эх орны их дайнд ялсны 75 жилийн ойг тэмдэглэнэ.  Энэ ойд ажил нэгтэй хоёр нөхрөө урьсан байгаа. 
     
  4. Бид бүгдээрээ Төв болон Зүүн хойд Азид тогтвортой байдал бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа билээ.
     
  5. Бид гурван талын уулзалтын хэлбэрийг бодолцох нь зүйтэй байх. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж болох юм. 
     
  6. Дараагийн уулзалт ОХУ-ын Уфа хотноо ирэх оны долдугаар сард болох үеэр гурван талт уулзалтыг хийж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно.  
     
  7. Бидний гурван талын уулзалт ШХАБ-ын уулзалтын үеэр болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй юм.
     
  8. Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн.
     
  9. Гадаад хэргийн дэд сайд нарын хэмжээнд уулзалт хийж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал боломжийн гэж бодож байна.
     
  10. УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно.
     
  11. Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм.

ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ УНШИХ БОЛОМЖТОЙ.