Монгол Улсын гадаад худалдааны 0.1 хувийг ОХУ, харин 90 хувийг урд хөрш эзэлдэг. Манай мөнхийн хөрш ОХУ-ын хувьд Монгол Улсыг Азид нэвтрэх хаалга гэж үздэг.
Тиймээс хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа холбоо, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Азийн хаалга” Орос, Монголын бизнес эрхлэгчдийн 23 дахь удаагийн үзэсгэлэн, дугуй ширээний уулзалт өчигдөр МҮХАҮТ боллоо.
Тус чуулганд ОХУ-ын арваад хотоос хөдөө аж ахуйн техник, технологи, зам барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр нийт 21 аж ахуй нэгж, харин манайхаас ноос, ноолуур, хивс, арьсан эдлэл үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.
Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцсон юм.
Оролцогчид гаалийн татвар, виз, хүнд суртал зэрэг асуудал хоёр орны худалдаанд ихээхэн саад болж байгааг онцолж байлаа. Энэ үеэр Монгол Оросын Нийгэмлэг хамтын ажиллагааны газрын дарга Э.Оюунтэгшээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн арга хэмжээний үр дүн болон ОХУ-ын бизнесс эрхлэгчид юу сонирхож байгаа талаар тодруулж өгнө үү?
-Энэ жилийн хувьд ОХУ-ын бизнес эрхлэгчдээс гадна тус улсын их дээд сургуулийн геологийн факультетийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, уул уурхай, геологийн чиглэлээр тэтгэлгээр оюутан элсүүлэх асуудлыг хэлэлцсэн нь боловсрол, шинжлэх ухааны давхар ач холбогдолтой уулзалт боллоо. Оросын талаас манайд газар тариалангийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой зургаан аж ахуй нэгж ирсэн байна.
Хойд хөршөөс оруулж ирэх мод, модон бүтээгдэхүүнийг одоогоор татваргүй болгоод байгаа.
Мөн манай зам, барилгын ажилд гар бие оролдох хүсэлтэй байгууллагууд ч байна. Харин бидний зүгээс хивс, ноос ноолуур, арьс ширэн эдлэлийг тус улсад экспортлох сонирхолтой аж ахуй нэгжүүд оролцож байна. Мөн мах, махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэж байна. ОХУ-ын зүгээс мах болон түүхийн эд авах сонирхол их байгаа.
ОХУ-д манай үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байна.
-Хоёр орны худалдаанд ямар саад бэрхшээл байна вэ?
-Бизнес эрхлэгчдийн зүгээс тавьж буй асуудлууд бол гаалийн татвар, хүнд суртал, визний асуудал байна. Үүн дээр анхаарч ажиллах нь хоёр улсын бодлогын түвшинд ярих асуудал. Мөн ОХУ-ын бараа, бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байдаг нь бидэнд хүндрэлтэй тусдаг. Гэхдээ чанарын тухайд гэвэл мэдээж манайхан дуртай л байдаг шүү дээ. Хойд хөршөөс оруулж ирэх мод, модон бүтээгдэхүүнийг одоогоор татваргүй болгоод байгаа.
-Ингэснээр энэ талын импорт нэмэгдэх боломж бий юу?
Модны үнэ ОХУ-д нэмэгдсэн байгаа. Саяхан бид тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Ойн аж ахуйн агентлагийн эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзаад ирсэн. Манай мод импортлогчид нэгдээд бирж болж, сард 30 вагон мод оруулах эрхтэй болсон. Гэвч Буриад, Эрхүү хотоос мод, модон бүтээгдэхүүн импортлоход тээврийн асуудал болон, бирж байхгүй зэрэг хүндрэл байна.
Нефтийн импортыг нэмэгдүүлэх боломж байна уу?
-Манайх урьд нь ОХУ-аас 100 хувь шатахуун импортлодог байсан бол одоо бусад зах зээлээс авч, улмаар 50 хувь болж буурсан байгаа. ОХУ-ын зүгээс шатахууны үнээ бууруулах талаар ярьж байна билээ. Энэ талаар нефть импортлогчдын уулзалт тусдаа болно. Тэр үеэр ярих байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|